Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 8 дугаар хуралдаан өнөөдөр болж, хуулийн этгээдээр бүртгэх, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, бүртгэлийн өөрчлөлт хийхтэй холбоотой нийт 17 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанаар даатгалын салбар, тэр дундаа тээврийн хэрэгслийн даатгалтай холбоотой гомдол, маргааны нөхцөл байдлыг хэлэлцэв. Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлсэн даатгалын өргөдөл, гомдлын дийлэнх хувийг тээврийн хэрэгслийн даатгалын өргөдөл, гомдол эзэлж байгаа бөгөөд энэ нь зарим даатгалын компанийн гэрээний нөхцөл ойлгомжгүй, хоёрдмол утгатай байгаатай холбоотой байна. Үүнээс шалтгаалж даатгуулагчдыг төөрөгдүүлэх, даатгалын тохиолдлыг үгүйсгэх, нөхөн төлбөр олгохоос татгалзах, хохирлын хэмжээг үндэслэлгүйгээр бууруулах, зарим гэрээг даатгагч талд хэт давуу байдлаар байгуулсан нь иргэд, даатгуулагчдыг хохироох, гомдол маргаан үүсэх шалтгаан болж байна. Иймд холбогдох хууль тогтоомжид үндэслэн даатгуулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах тогтолцоог сайжруулах хүрээнд зохицуулалтыг боловсронгуй болгох, холбогдох журмын зохицуулалтад тусгах ажлыг хэрэгжүүлж байгаа талаар танилцууллаа. Хурлаас нийтийн болон даатгуулагчийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор даатгалын нөхөн төлбөрийг хууль болон гэрээнд заасан хугацаа, хэмжээнд, даатгуулагчид хүндрэл учруулахгүйгээр олгох нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж, олон нийтэд ил тод мэдээлэхийг ердийн даатгалын бүх компанид үүрэг болголоо. Түүнчлэн нэр бүхий таван даатгалын компанийн төлөөлөн удирдах зөвлөлд тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний нөхцөл, үйл ажиллагааг сайжруулах хугацаатай үүрэг даалгавар өгч, хэрэгжилтийг хангахыг даалгалаа. Эдгээр арга хэмжээ нь даатгалын салбарын ил тод, шударга байдлыг нэмэгдүүлж, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.
Мөн хуралдаанаар хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид олгохоор, нэг компанийн хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэхээр, хоёр компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болон төлөгдөж дууссан өрийн хэрэгслийг тус тус бүртгэлээс хасахаар шийдвэрлэв. Түүнчлэн нэг компанийн банк бус санхүүгийн гадаад валютын үйл ажиллагаа эрхлэх, нэр бүхий хоёр үнэт цаасны компанийн тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэсэн юм.
АДМИН







Нийгэм





