Шүүгдэгч А.Мөнхтайван нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан “М” ХХК -ийн ерөнхий захирал ажилтай Э-ээс 264 сая төгрөгийн хахуул авсан. Мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Б.У-аар дамжуулан Шангрила молл төвийн орчим 175 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон байна.
Харин Шүүгдэгч Б.Цэнд-Аюуш нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4,5 төслийн хүрээнд худалдан авалт хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа тус төслийн туслан гүйцэтгэгч “М” ХХК -ийн ерөнхий захирал Э-гийн барилгын явцад гарч буй бичиг баримтыг буцаалгахгүй, санхүүжилтийг шуурхай авах гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд, 4.7 сая төгрөгийн үнэ бүхий матраас хахуульд авсан. Мөн тэрээр үргэлжилсэн үйлдлээр Өвөрхангай аймгийн нэгэн суманд 7 хоногийн хугацаатай нөхрийн хамт амрах, төлбөрийн урьдчилгаа болох 4 сая төгрөг төлүүлж, хахууль авсан хэрэгт холбогджээ.
Харин шүүгдэгч Д.Энхтуяа нь 2017 оноос Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор А.Мөнхтайван, Б.Цэнд-Аюуш нарт нийт 447.7 төгрөгийн хахууль өгсөн хэрэгт тус тус хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчдийн матраас болон амралтын газрын төлбөр төлүүлсэн гэх үйлдэл нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж, А.Мөнхтайванг хахууль авсан, шүүгдэгч Д.Энхтуяаг хахууль өгсөн гэм буруутайд тус тус тооцсон байдаг. Үүний дагуу Мөнхтайванг 5 жил нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, 35,5 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, хууль бус орлого болох 149 сая төгрөгийг улсын орлогод хураахаар, харин Энхтуяаг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байдаг.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Цэнд-Аюушийг цагаатгаж, түүнд холбогдох хахуулийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцаахаар харин шүүгдэгч А.Мөнхтайванд оногдуулсан торгох ял болон Д.Энхтуяаг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Улсын дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзээд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, А.Мөнхтайван, Б.Цэнд-Аюуш, Д.Энхтуяа нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
АДМИН






Нийгэм





