Хүүхдийн цэцэрлэг барих төсөлд шалгараад 16 давхар орон сууц барьжээ. Тодруулбал: Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй улсын цэцэрлэгийн барилгыг дахин төлөвлөлтийн хүрээнд буулгаж, шинээр барих төслийг 2020 онд нэр бүхий аж ахуй нэгж нь хэрэгжүүлэхээр төсөлд шалгарч холбогдох зөвшөөрлүүдийг авсан байна. Гэвч барилга 2025 онд ашиглалтад орж улсын комисст хүлээлгэн өгөх явцад 125 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилга төлөвлөгдсөн ёсоор баригдаагүй, уг газарт 16 давхар орон сууц болон үйлчилгээний зориулалттай барилга баригдсан нөхцөл байдлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Нэр бүхий аж ахуй нэгж нь төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд нөлөөлөх замаар хууль бусаар барилгын зураг төслийг өөрчлүүлж батлагдсан барилгын зурагт дахин магадлал хийлгэж тус барилгад хамааралгүй барилгын норм дүрэмд зааснаар цэцэрлэгийн барилгыг хасуулж төслийг хэрэгжүүлэн хууль бусаар олсон орлогыг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө болгон эдийн засгийн эргэлтэд оруулсан байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ. Мөн тус аж ахуй нэгж нь улсын цэцэрлэгийн барилгыг шинээр баригдах барилгын 1, 2 дугаар давхарт барина гэж холбогдох байгууллагуудтай амаар болон гэрээгээр тохирч төсөл хэрэгжүүлэх шийдвэрийг эрх бүхий байгууллагаар гаргуулсан боловч тухайн барилгын зураг төсөлд энэ талаар тусгаагүй нь аж ахуй нэгжийн ажлын байранд хийсэн нэгжлэгийн хүрээнд хураан авсан баримтаар тогтоодсон байна. Уг хэрэгт Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4, 18.6 дугаар зүйлд заасны дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
АДМИН






Нийгэм




