Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд өнөөдөр яамны газар, нэгжийн ажилтнууд, харьяа агентлагуудын удирдлагууд, 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын удирдлагуудтай танхимын болон цахим хосолсон шуурхай хурал хийж, салбарын бодлого шийдвэрийн хэрэгжилттэй холбоотой хэд хэдэн үүрэг чиглэл өглөө.
Хурлын эхэнд цаг үеийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын шийдвэрлэлтийн явц, тариаланчдын асуудлаарх Засгийн газрын тогтоол, албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэхийг холбогдох газарт үүрэг болгов.
Мөн салбарын бодлогыг Монгол Улсын Ерөнхий сайдын “Чөлөөлье” санаачилгатай уялдуулж, ЖДҮ-ийн зээлээс эхлээд шаардлагагүй шат дамжлага, дүрэм журмыг чөлөөлөх асуудлыг эрэмбэлж ажлаа эхлүүлснийг тодотгов.
Хөдөө аж ахуй, газар тариалан, мах, ургамлын гаралтай болон дотоодын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, Евразийн худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд бэлтгэл ажлыг хангах чиглэлээр 3 ажлын хэсэг байгуулж, тодорхой хугацаатай, үр дүнд суурилж ажиллахыг үүрэг болголоо. Тус хэлэлцээр хэрэгжсэнээр Монгол улсаас нийт 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Евразийн эдийн засгийн холбооны /Орос, Казахстан, Беларусь, Армени, Киргиз/ орнуудад татваргүй нийлүүлэх юм.



Цаашид салбарын бодлогын хэрэгжилтэд экспортыг тэргүүлэх чиглэл болгох, харьяа байгууллагуудын хариуцлага, гүйцэтгэлийн үнэлгээг сайжруулах, үр дүнгүй ажиллагаанд хариуцлага тооцох зарчмыг мөрдүүлэхийг онцгойлон анхаарууллаа. Мөн салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэлийг эрчимжүүлж, мал эмнэлгийн салбарт бодлогын цогц шинэчлэл хийх ажлыг эхлүүлж буйг хэллээ.
Өнөөдөр сайдын Зөвлөхөөр УИХ, Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Х.Болорчулуун томилогдон ажиллаж эхэллээ.
АДМИН








Нийгэм




