БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, хямралын удирдлагын ерөнхий газраас Онцгой байдлын байгууллагад буцалтгүй тусламжаар өндрөөс болон уснаас аврах ажиллагаанд ашиглах багаж, хэрэгслийг өнөөдөр хүлээлгэн өглөө.
Энэ хүрээнд өндрөөс аврах ажиллагааны 28 төрлийн 98 ширхэг иж бүрэн багаж хэрэгслийг нийслэлийн Аврах ангид, 50 аврагчид уснаас аврах ажиллагааны хамгаалах хэрэгслийг гардуулсан юм.

Тус арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Коринн Пэрера нар оролцсон бөгөөд хатагтай Коринн Пэрера "Гамшгаас хамгаалах салбар дахь хоёр орны үлгэр жишээ хамтын ажиллагаанд Франц Улс өндөр ач холбогдол өгч анхаарч ажилладгийг онцлоод иргэдийг гамшиг, ослоос авран хамгаалдаг аврагчдын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байна" хэмээн онцлон тэмдэглэлээ.

Эдгээр багаж, хэрэгслийн ашиглалт, ажиллагааны сургалтыг зохион байгуулж байгаа нь алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх цаашлаад үүрэг гүйцэтгэх чадавхыг бэхжүүлэхэд бодит хувь нэмрээ оруулж байна.

Ингэснээр гамшгийн эрсдэлийг бууруулах, эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах ажиллагааг зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин бэхжиж байгаагийн илэрхийлэл гэдгээрээ онцлог юм.

АДМИН







Нийгэм





