Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар Европын Холбооны санхүүжилттэй “STREAM+” төслийн хүрээнд бэлчээрийн маллагаатай монгол малын махны чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлох, зэрэглэл тогтоох судалгааг амжилттай хэрэгжүүлж, өнөөдөр үр дүнг холбогдох байгууллагууд, мэргэжлийн холбоод, судлаачдад танилцуулан хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус судалгааг Монголын махны холбоо болон Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн сургуультай хамтран гүйцэтгэсэн бөгөөд үхэр, адуу, хонь, ямааны гулуузанд иж бүрэн шинжилгээ хийжээ. Судалгааны хүрээнд мах, өөх, ясны харьцаа, дан махны гарц, махны чанарт нөлөөлөх гол үзүүлэлтүүдийг тодорхойлсон байна.
Судалгааны дүнгээс харахад гулууз махны гарц дунджаар 60–70 хувь байгаа бөгөөд гулуузны жин, өөхлөлт (гантиглалт), булчингийн хөгжил нь махны чанарыг тодорхойлох үндсэн хүчин зүйлс болохыг тогтоожээ. Мөн Монгол Улсын нөхцөлд тохирсон махны зэрэглэл тогтоох (A, B, C) ангиллын загварыг боловсруулсан бөгөөд олон улсын зарим тогтолцоог шууд нэвтрүүлэх боломжгүй, харин үндэсний онцлог, бэлчээрийн мал аж ахуйн онцлогт нийцсэн аргачлал шаардлагатайг онцолжээ.
Энэхүү судалгаа нь бэлчээрийн малын махны чанарыг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэх, цаашид стандарт боловсруулах, чанарт суурилсан үнэ тогтоох тогтолцоог бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Манай уламжлалт бэлчээрийн мал аж ахуй нь байгаль – экологид дарамтгүй, малын тавлаг байдалд нийцтэй бөгөөд таван хошуу мал нь олон төрөл зүйлийн өвс ургамалтай задгай бэлчээрт өөрийн зөнгөөр, таваараа бэлчээрлэж, ашиг шим нь бүрэлддэг онцлогтой юм.

АДМИН







Нийгэм





