Цаг уурын байгууллагаас ирэх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж, салхи шуурганы аюулаас сэрэмжлүүлэхийг онцгойлон анхаарууллаа. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 14-нд нутгийн зарим хэсгээр, 15-нд говь, тал, хээрийн нутгаар салхи ширүүсэж, шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Ойрын 24 цагийн төлөв (04 дүгээр сарын 13-ны 20:00 – 14-ний 20:00):
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд баруун болон төвийн аймгуудын зарим нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Харин бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи баруун болон төвийн нутгаар чиглэлээ өөрчилж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр хүрч салхилна. Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн бүсээр салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Агаарын температурын хувьд шөнөдөө ихэнх нутгаар хүйтэн хэвээр байх бөгөөд Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг зэрэг газраар -9...-14 градус хүрч хүйтэрнэ. Харин говийн өмнөд хэсгээр +2...+7 градус дулаан байна. Өдөртөө баруун болон төвийн аймгуудаар сэрүүсэх ч говийн бүс нутгаар +18...+23 градус хүрч дулаарах юм.
Улаанбаатар орчимд:
Үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -2...-4 градус, өдөртөө +11...+13 градус дулаан байна.
Багануур орчимд:
Үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи секундэд 7-12 метр. Шөнөдөө -8...-10 градус, өдөртөө +10...+12 градус.
Тэрэлж орчимд:
Шөнөдөө ялимгүй цас орж, өдөртөө хур тунадасгүй. Шөнөдөө -10...-12 градус, өдөртөө +9...+11 градус дулаан байна.
Ирэх 5 хоногийн төлөв (04 сарын 15–19):
15-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-17-нд уулархаг болон голын хөндийгөөр, 18-нд баруун болон төвийн аймгуудын зарим нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр байх ч Алтайн уулархаг болон говь, тал, хээрийн нутгаар 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Температурын хувьд 15-нд ихэнх нутгаар сэрүүсэх ч 16-наас дулаарах хандлагатай. Говийн бүс нутгаар өдөртөө +16...+26 градус хүрч дулаарах бол уулархаг нутгаар +5...+10 градусын хооронд хэлбэлзэнэ.
Анхааруулга:
Иргэд, малчид, тээвэрчид салхи шуурганы үед холын замд гарах, ил задгай ажил хийхдээ болгоомжтой байж, цаг агаарын сэрэмжлүүлгийг тогтмол дагаж мөрдөхийг зөвлөж байна.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм



