Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан (2026.04.13) “АЗЗА” нэгтгэлийн ТӨХК-ийн аймаг, орон нутаг дахь төлөөлөл, автозамын компанийн удирдлагууд, “АЗЗА”-ны Үйлдвэрчний Эвлэлийн удирдлагууд, Монголын авто замчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар автозамын салбарт тулгамдаж буй асуудлууд, тэр дундаа автозамын санхүүжилт, ажилчдын цалин хөлсний асуудал, хүний нөөцийн дутагдал, техник, технологийн шинэчлэл, авто замчдын нийгмийн асуудал, компаниудын татвар, өр төлбөр зэрэг олон талт асуудлаар санал солилцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.
Монгол Улсад улсын чанартай автозамын сүлжээний байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг зам хариуцагч байгууллагууд хэрэгжүүлдэг бөгөөд өнөөдрийн байдлаар төрийн өмчит болон хувийн хэвшлийн нийт 10 байгууллагын 29 нэгж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
2023 онд Засгийн газрын шийдвэрээр автозамын засвар, арчлалтын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн өмчит 20 компанийг нэгтгэн “Авто замын засвар, арчлалтын нэгтгэл” (ТӨХК) болгон өөрчлөн зохион байгуулж, орон нутаг дахь салбар нэгжийн бүтэцтэйгээр үйл ажиллагааг нь төвлөрүүлсэн. Мөн тус компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Зам, тээврийн яам хэрэгжүүлэхээр болсон. Гэвч өнөөдөр улс орон даяар 21 аймгийн “АЗЗА” нэгтгэлийн салбаруудын санхүүгийн нөхцөл байдал хүндэрч, санхүүжилтээ тухай бүрд нь авч чадахгүй байгаагаас ажилчдынхаа цалинг 2-3 сараар нь олгож чадахгүйд хүрээд байгааг салбарын сайдад уламжиллаа.
Мөн аймаг, орон нутаг дахь “АЗЗА” нэгтгэлийн төлөөлөгчид автозамын компаниуд татвар, нийгмийн даатгалд хуримтлагдсан өр төлбөртэй болж, ажилчид нийгмийн баталгаагаа ч хангаж чадахгүй, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаж чадахгүй, зээл тусламж авч чадахгүй зэрэг олон хүндрэлтэй асуудалд анхаарал хандуулан ажиллахыг салбарын сайдаас хүслээ.
Түүнчлэн автозамын салбар сүүлийн жилүүдэд хүний нөөцийн дутагдалд орж буйг онцлоод, инженер, техникийн ажилтнууд, чадварлаг операторууд цалин хөлсөө голдог, хувийн компаниуд руу ажилд ордог зэрэг асуудлыг хэлж, мэргэшсэн инженер техникийн ажилтнуудыг тогтвортой ажиллуулах, цалин хөлсийг зах зээлийн зарчмаар тогтоож, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байгааг онцолсон юм.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы зүгээс автозамын салбарт тулгамдаж буй хүндрэлүүдийн үндсэн шалтгаан нь санхүүжилтийн тогтолцоотой шууд холбоотой байгааг хэллээ. Тухайлбал, автозамын салбарын үйл ажиллагаанд бодит хүндрэл үүсгэж буй гол хүчин зүйл нь авто замын сангийн хөрөнгө төвлөрүүлэлт, зарцуулалтын тогтолцооны хэрэгжилт хангалтгүй байгаатай холбоотой байна.
Засгийн газрын 2019 оны 312 дугаар тогтоолоор улсын авто замын санд автомашины импортын онцгой албан татвар, шатахууны татварын тодорхой хувь, зам ашигласны төлбөр, торгууль, транзит тээврийн орлого зэрэг олон эх үүсвэрээс хөрөнгө төвлөрүүлэхээр зохицуулсан байдаг. Хэдий тийм боловч бодит байдал дээр эдгээр эх үүсвэрүүдээс орж ирсэн санхүүжилт эргээд автозамын салбарт зарцуулагдахгүй байх нь авто замын засвар, арчлалтын ажлын санхүүжилтийг тасалдуулах, “АЗЗА” нэгтгэл, авто замчдын цалин хөлс саатах, авто замчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг олон асуудалд сөргөөр нөлөөлж байгааг онцоллоо.
Мөн салбарын сайд автозамын салбарын бодлого, төлөвлөлтийг бодит нөхцөлтэй уялдуулах, ажилчдын нийгмийн баталгааг сайжруулах чиглэлд нэн түрүүнд анхаарч ажиллахаа илэрхийлээд, санхүүжилтийн 30 хувийг ойрын хугацаанд шийдвэрлэж, авто замчдын цалин хөлсийг олгоно гэсэн байр суурийг илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан автозамын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, санхүүжилтийн тогтолцоог үе шаттайгаар сайжруулах чиглэлд Сангийн яам, ОБЕГ зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, шийдлийг олно. Мөн Засгийн газрын хуралдаанаар автозамын салбарын бодлого, төлөвлөлтийг бодит нөхцөлтэй уялдуулах асуудлыг хэлэлцүүлж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. “АЗЗА” нэгтгэлийн төлөөллийг дахин хүлээн авч уулзаж, дараа дараагийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ гэв.
АДМИН








Нийгэм




