Dark Light
Нийгэм | 2026-04-14

ХҮҮХДИЙН ТЭТГЭМЖЭЭ ТӨЛӨӨГҮЙ 46 ХҮНД ШИЙТГЭЛ ОНОГДУУЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Прокурорын байгууллага 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хүлээн авсан 215,915 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн байна. 

Эрх бүхий албан тушаалтан 209,159 буюу 97 хувийг газар дээр нь, 2276 буюу 1.1 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар торгох шийтгэл оногдуулж, 1849 буюу 0.9 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. 

Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн 951 шийдвэрийг хянаж, 70 буюу 7 хувийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлсэн байна. 

Мөн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 57 шийдвэрийг хянаж, 5 буюу 9 хувийг хүчингүй болгож, нэмэлт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр буцааж, 5 буюу 9 хувьд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 24 буюу 42 хувьд эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шийдвэрлэн хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээжээ. 

Зөрчлийн улмаас нийт 2,4 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 1,3 тэрбум буюу 58 хувийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлүүлжээ. 

Бүртгэгдсэн нийт зөрчлөөс замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 207,863 буюу 96 хувийг, жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 1237 буюу 1 хувийг, автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 709 буюу 0.3 хувийг, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 589 буюу 0.3 хувийг эзэлж байгаа нь хамгийн их байна.

Хүүхдийн тэтгэмжээ төлөөгүй 46 хүнд шийтгэл оногдуулжээ 

Эрх бүхий албан тушаалтнаас 2026 оны 4 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй” зөрчилд нийт 46 хүнд шийтгэл оногдуулжээ. Үүнээс 24 хүнд баривчлах, 22 хүнд торгох шийтгэл оногдуулсан байна. 

Дээрх зөрчлийн холбогдогчид хүйсийн хувьд 97 хувь нь эрэгтэй, насны хувьд 86  хувь нь 26-45 насны, боловсролын хувьд 26 хувь нь дээд, 54 хувь нь бүрэн дунд, 20 хувь нь бүрэн бус дунд, бага болон боловсролгүй хүмүүс байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22