Dark Light
Нийгэм | 2026-04-14

ДУУСААГҮЙ БАРИЛГАД ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАР ТӨЛӨХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Дүүргийн Татварын хэлтсээс Ө ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт 53,6 сая төгрөгийг ногдуулжээ. Тус барилга нь өмчлөх эрхийн гэрчилгээтэй боловч 73%-ийн гүйцэтгэлтэй, бүрэн ашиглалтад ороогүй, зориулалтаар ашиглаж өмчлөх боломжгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулсан нь үндэслэлгүй гэж марган татварын ногдуулсан актыг хүчингүй болгуулахаар Ө ХХК шаардахад Татварын хэлтсээс Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд заасны дагуу Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс хасагдах хүртэлх өмчилж байсан хугацаанд ногдсон татварын өрийг холбогдох төсөвт төлөх үүрэгтэй, тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь хэдэн хувийн гүйцэтгэлтэйгээс үл хамааран улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгө гэж бүртгэгдсэн өдрөөс эхлэн албан татвар ногдуулах зохицуулалттай, барилгын гүйцэтгэлийн хувь хэмжээгээр татвараас чөлөөлөгдөх зохицуулалт байхгүй гэх тайлбар гарган маргалдсан.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3.1-д Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-д заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна. Иргэний хуулийн 84.3-д газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж заасан. Нэхэмжлэгч нь банканд барьцаа болгох зорилгоор 2022 онд 73%-ийн гүйцэтгэлтэй барилгыг бүртгүүлж гэрчилгээ авсан, 2024 онд үл хөдлөх эд хөрөнгийг 100%-н гүйцэтгэлтэй болгож өмчлөх эрхийн гэрчилгээ авсан нь тогтоогдож байна. Иймд хариуцагч захиргааны байгууллагаас татвар ногдуулсан нь үндэслэлтэй гэх агуулгатай дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5.1-д Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг тус хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно гэж заасан. Татвар ногдуулан нэхэмжлэх үүсгэхдээ улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэхээс үл хамааран эд хөрөнгийн үнийн дүнг хэрхэн тооцох талаар нягтлан шалгах ажиллагаа хийгээгүй өөрөөр хэлбэл суурь үнэлгээ тооцсон эсэх ямар суурь үнэлгээнээс тооцсон болох нь тодорхойгүй. Үл хөдлөх эд хөрөнгө нь 73% болон 100%-ийн гүйцэтгэлтэй буюу татвар ногдуулах үнэлгээ ялгаатай хугацааг хамруулан татвар ногдуулж байгаа нь ойлгомжгүй, байршлын бүсчлэлээс хамаарч ямар бүсийн тариф коэффициентыг үндэслэн ногдуулсан болох нь тодорхойгүй гэх агуулгатай дүгнэлтийг хийж маргаан бүхий актыг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.
Хяналтын шатны шүүх хэргийг хэлэлцээд дуусаагүй барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөх нь үндэслэлгүй, Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд дуусаагүй барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар тооцох талаар тодорхой заагаагүй энэ нь өөрөө татвар тодорхой байх заримд нийцээгүй гэх агуулгатай дүгнэлтийг хийж магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 14-НИЙ ӨДРИЙН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААН

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22