Интерполын улаан булант зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан А-г Польш улсаас Монгол улсад шилжүүлэн авчрах тусгай ажиллагааг Цагдаагийн Ерөнхий газрын интерполын үндэсний төв товчоо болон Хар тамхитай тэмцэх албаны алба хаагчид энэ оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр гүйцэтгэж Монгол улсад авчирч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Уг этгээд нь 2019 оноос эхлэн бусадтай бүлэглэн зохион байгуулалттайгаар Испани улсаас Монгол улс руу олон улсын шуудан илгээмж ашиглан их хэмжээний мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлж худалдаалах улмаар хууль бусаар олсон орлого буюу мөнгө угаах гэмт хэрэгт холбогдон шалгаж эхэлсэн.
Иргэн А-г өнгөрөгч 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Польш улсын нутаг дэвсгэрт байхад нь интерполын тусгай ажиллагаагаар байршлыг нь илрүүлж, баривчлуулж Монгол улсад шилжүүлэн авчрах ажиллагааг цагдаагийн ерөнхий газрын интерполын үндэсний төв товчоо, Хар тамхитай тэмцэх алба, Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яам болон Польш, Турк улсын интерполын төв товчоотой хамтран зохион байгууллаа.
Цагдаагийн байгууллагаас гадаад улсад оргон зайлж улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоох шилжүүлэх болон албадан авчрах ажиллагааг идэвхтэй үргэлжлүүлэн зохион байгуулж байгаа тул гадаад улсад оргон зайлсан эрэн сурвалжлагдаж байгаа иргэд өөрсдийн сайн дураар Монгол улсад ирж цагдаа хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллахыг анхаарууллаа.
АДМИН








Нийгэм




