Прокурорын байгууллага 2025 онд Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн 33 хүнд холбогдох 14 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бол 2026 оны I улирлын байдлаар 7 хүнд холбогдох 5 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд зааснаар Соёлын өвийн эсрэг 7 төрлийн гэмт хэрэг байгаагаас Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах гэмт хэрэг зонхилон үйлдэгдэж байна.
Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс I улирлын байдлаар анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн соёлын өвийн эсрэг хэргүүдийн шийдвэрлэлтийг тоймлон хүргэж байна.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас:
- Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийж, бурхны толгой, очир зэрэг соёлын биет өвд хамаарах эд зүйлсийг олж авч, завшсан Н, М, С нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх), 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Н, М, С нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрд нь 5,4 сая төгрөгийн торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон соёлын биет өвийн эд зүйлсийг Соёлын өвийн үндэсний төвд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
- Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, соёлын биет өв болох Сандуйжүд, Тарвачэнбу зэрэг судрыг хууль бусаар олж авч, бусдад худалдсан Ш-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Ш-г гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож, 5 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон дээрх судруудыг Соёлын өвийн үндэсний төвд шилжүүлж, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
- Түрэгийн үед хамаарах дөрөө, амгаа, зуузай, төмөр цагариг зэрэг эд зүйлсийг хууль бусаар олж авч хувьдаа завшсан, соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулсан иргэн Н-д Эрүүгийн хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Н-г гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож, 8,1 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон соёлын биет өвийн эд зүйлсийг Соёлын өвийн үндэсний төвд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
Дундговь аймгийн прокурорын газраас:
- БНХАУ-ын иргэн Z.Y, Z.Ch нар нь бүлэглэн 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг дэвсгэрт байдаг “Хүрэн хайрханы хадны бичээс” буюу орон нутгийн хамгаалалтад авсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн, гэмтээсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 25.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэх, гэмтээх, устгах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс БНХАУ-ын иргэн Z.Y, Z.Ch нарыг гэм буруутайд тооцож тус бүрд нь 5,6 сая төгрөгийн торгох ял оногдуулж, байгаль орчинд учруулсан хохиролд 9 сая төгрөгийг төлүүлсэн байна.
Соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар соёлын биет өвийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд нь соёлын өвийн гарал үүслийн байдлыг тодорхойлох, харьяалах аймаг, нийслэлийн Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлэх, худалдах, бэлэглэх, өвлүүлэх зэргээр өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн, алдагдаж, үрэгдсэн тохиолдолд мэдэгдэх, хилээр гаргахад зөвшөөрөл авах, гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд бэлэглэх, өвлүүлэх зэргээр шилжүүлэхгүй байх үүрэгтэй.
Гэвч иргэд өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа соёлын биет өвийг төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэлгүйгээр хууль бусаар бусдад шилжүүлж, худалдан борлуулах зэргээр гэмт хэрэгт холбогдож, эрүүгийн хариуцлага хүлээх тохиолдол гарч байгаа тул соёлын биет өвтэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан судлахыг та бүхэнд анхааруулж байна.
|
Эх сурвалж
| УЕПГ
|
АДМИН







Нийгэм





