Dark Light
Нийгэм | 2026-04-17

НАМЫН ШИНЭ ГИШҮҮДЭД ЗОРИУЛСАН "HELLO PARTY” СУРГАЛТ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Ардын намд нэгдэж буй шинэ гишүүддээ зориулсан "Hello Party” сургалтыг намын Зохион байгуулалт, олон нийттэй харилцах газраас өнөөдөр /2026.04.17/ Тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа.
Энэхүү сургалт нь намд шинээр элссэн гишүүдэд намын үзэл баримтлал, үнэт зүйлс, түүхэн замнал, үйл ажиллагааны чиглэлийг танилцуулах, цаашдын оролцоо, манлайллыг дэмжих зорилготой юм.
Гишүүдийнхээ оролцоог хангах, харилцаа холбоог өргөжүүлэх, нэгдсэн ойлголт, чиг баримжаа бий болгох “Hello Party” хөтөлбөрийг цаашид сар бүрийн 17-нд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Мөн 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг гээд намын анхан шатны нэгжүүдэд ч ийм төрлийн сургалтыг зохион байгуулж, шинэ гишүүдээ хамруулахаар зорьж ажиллаж байгаагаа намын Зохион байгуулалт, олон нийттэй харилцах газрын дарга Ж.Дамдинцэрэн сургалтыг нээж үг хэлэхдээ онцлов.
Намын гишүүнээр элсэж буй залууст Монгол Ардын намын үндсэн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, дэргэдэх төрийн бус байгууллага, академи, бодлогын хороодын талаар танилцуулсан юм.
Мөн намын дэргэдэх Улс төрийн манлайллын академийн захирал Б.Золбадрал “Нэгдэхүй” сэдвээр намын шинэ гишүүдэд сургалт орж, улс төрийн нам гэж юу болох, хүмүүсийн эвлэлдэн нэгдэх эрх, улс төрийн үзэл баримтлал, түүнийг тодорхойлох тест зэрэг сонирхолтой яриа өрнүүлээ.
Намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Булгантамир намын даргын дэвшүүлж буй чөлөөлөх санаачилгыг сургалтын үеэр танилцуулж эдийн засаг, хууль эрх зүй, ногоон хөгжил, авлигын эсрэг гэсэн дөрвөн чөлөөлөлтийн талаар бодит жишээ авч тайлбарлав.
Монгол Ардын намд нэгдэж буй шинэ гишүүдийн энгэрийн тэмдэг, батлахыг намын даргын зөвлөх Б.Дөлгөөн, Зохион байгуулалт, олон нийттэй харилцах газрын дарга Ж.Дамдинцэрэн, Хүний нөөц, хөгжлийн хэлтсийн дарга Л.Дэжидмаа нар гардуулж амжилт хүслээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22