Dark Light
Нийгэм | 2026-04-17

УНАЛТ ТАТАЛТЫН ЭСРЭГ ЭМИЙН ХҮРТЭЭМЖИЙН АСУУДЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос өнөөдөр уналт таталтын эсрэг эмийн нийлүүлэлт, хүртээмж, хүрэлцээний асуудлаар холбогдох төр болон төрийн бус байгуулллагын 20 гаруй төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан хэлэлцүүлгийг нээж, Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир, тус хэлтсийн референт Б.Янжмаа нар оролцлоо.

Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлдээ байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэглэдэг Монгол Улсад бүртгэлгүй эмийг бүртгэлжүүлэхэд хүндрэлтэй, цаг хугацаа шаарддаг, мөн эмийн хүртээмж, хүрэлцээ хангалтгүй байгаагаас шалтгаалан эмийн нийлүүлэлт тасалдаж, иргэд эрүүл мэндээрээ хохирч буй асуудлыг хөндөн, шийдвэрлэх шаардлагатайг онцолсон.

Улмаар ХЭҮК 2024 онд Эрүүл мэндийн сайдад, 2025 онд Ерөнхий сайдад  Комиссын гишүүний зөвлөмж хүргүүлж, уналт таталтын эсрэг болон зайлшгүй шаардлагатай эмийн нөөц, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулах, орон нутагт шууд ханган нийлүүлэх, түгээх, мөн гадаад улсад эмчлүүлээд ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд өгдөг Монгол Улсад бүртгэлгүй эмийг яаралтай горимоор бүртгэлжүүлэх арга хэмжээ авах асуудлыг зөвлөмжид тусгасан.

Зөвлөмжид туссан асуудлаар гомдол, мэдээлэл удаа дараа ирж буйтай холбогдуулан Комисс Эрүүл мэндийн яам, Гаалийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар болон “Эрхэм нандин сувд” ТББ-ын төлөөллийг оролцуулан зөвлөмжийн хэрэгжилтийг хэлэлцэж, үнэллээ. 

Хэлэлцүүлгээр Эрүүл мэндийн яам болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын төлөөлөл зөвлөмжийн хэрэгжилт, эмийн нийлүүлэлт, хүртээмжийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцуулж, оролцогчдын асуултад хариулт өгч, санал солилцов.

Зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байгаа тул Эрүүл мэндийн яаманд Комиссын гишүүний шаардлага хүргүүлэн ажиллахаар болов. 


Эх сурвалж | Хүний эрхийн Үндэсний Комисс
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22