Улаанбаатар хотыг шинэ нисэх буудалтай холбох стратегийн ач холбогдол бүхий Багахангай-Хөшигийн хөндийн чиглэлийн төмөр замын төслийн хэрэгжилт төлөвлөгөөний дагуу урагшилж, нийт гүйцэтгэл 84 хувьд хүрээд байна. Төслийн эхний үе шатны доод бүтцийн ажил 98 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь дараагийн шатны ажлыг эрчимжүүлэх нөхцөл бүрдсэнийг холбогдох албаныхан онцолж байна.
Өнөөдөр (2026.04.18) Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг тус төслийн талбайд ажиллаж, бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Зам, тээврийн яамны Тээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт, Төмөр замын газрын дарга Б.Артур, Суурь бүтцийн газрын дарга Д.Мөнхбат, “УБТЗ” ХНН-ийн ерөнхий инженер Д.В.Бондарь, суурь бүтэц хариуцсан орлогч дарга В.В.Каренда, Замын аж ахуйн албаны дарга З.Отгонтөр, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун, ерөнхий инженер Б.Даваасүрэн, Төсөл, хөтөлбөр судалгаа, зураг төслийн төвийн дарга Б.Тамир болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Албаныхан Багахангай өртөөнөөс Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хөшигийн хөндий хүртэлх трассын дагуу ажиллаж, голлох бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгасан юм. Тухайлбал, Багахангай өртөөний өргөтгөлийн ажил, 38-42 км-т хийгдэж буй гүн ухмалын газар шорооны ажил, 43 болон 66 км-т баригдаж буй төмөр бетон гүүрийн барилга угсралт, мөн авто замтай огтлолцох хэсгийн ажлын явцтай тус тус танилцлаа.
Мөн энэ үеэр ажлын хэсгийнхэн уг төслийн хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо. Энэ ажлын хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.
Энэхүү төмөр замын төсөл нь 2025 оны дөрөвдүгээр сарын 25-нд эхэлсэн бөгөөд нийслэл хотыг олон улсын шинэ нисэх буудалтай төмөр замаар холбож, тээвэр, ложистикийн урсгалыг нэмэгдүүлэх стратегийн чухал дэд бүтцийн шийдэлд тооцогдож байгаа юм.
Төслийг хэрэгжүүлэгч “Монголын төмөр зам” ТӨХК-иас бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар эрчимжүүлж, төлөвлөгөөт хугацаанд ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байгааг дарга удирдлагууд, инженер техникийн ажилчид нь онцолж байна.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм





