Прокурорын байгууллага 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 47,080 эрүүгийн хэрэгт хяналт тавьсан. Дээрх хугацаанд 1,672 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 810 хэрэг шинээр нээж, 422 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 182, өмчлөх эрхийн эсрэг 111, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 77, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, эдийн засгийн эсрэг 11, хүний амьд явах эрхийн эсрэг 9, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 5, авлигын эсрэг болон хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг тус бүр 4, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 3, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 2, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт 1 яллах дүгнэлт үйлдсэн байна.
Өмчлөх эрхийн эсрэг 111 гэмт хэргийг зүйлчлэлээр нь авч үзвэл, хулгайлах 45, залилах 36, дээрэмдэх 8, хөрөнгө завших 6, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших 6, мал хулгайлах 6, эд хөрөнгө устгах, гэмтээх 3, болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс дурдвал:
- “М....” ХХК нь зохих зөвшөөрөлгүйгээр, үйлдвэрийн байрандаа гурилын хүчиллэг байдлыг шалгах зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д багтсан натрийн гидроксид, этилийн спирт гэх химийн хорт, аюултай бодисуудыг хууль бусаар бусдаас худалдан авч, ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг (Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- “О...” ХХК нь зохих зөвшөөрөлгүйгээр, “төмрийн хүдэр боловсруулах” чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн байрандаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д багтсан натрийн карбонат, гипохлорит зэрэг химийн хорт аюултай бодисуудыг хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг (Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд;
- Д.З нь “С...” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2023 оны татварын тайлант хугацаанд, үйл ажиллагаа явуулдаггүй “С...” ХХК-иас 22 ширхэг падаанаар 1,8 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан мэтээр худал тодорхойлон, хий бичилт хийн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 189,7 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Татвар төлөхөөс зайлсхийх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- Б.Э нь “Б...” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор зорилгоор 2024 оны татварын тайлант хугацаанд, үйл ажиллагаа явуулдаггүй “С...” ХХК-иас 19 ширхэг падаанаар 2,3 тэрбум төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлж, хий бичилт хийн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 236,6 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Татвар төлөхөөс зайлсхийх) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд;
- Д.Б нь “Х...” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2022 оны татварын тайлант хугацаанд, үйл ажиллагаа явуулдаггүй “С...” ХХК-иас 2 ширхэг падаанаар 3,5 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан мэтээр худал тодорхойлж, хий бичилт хийн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 359,7 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Татвар төлөхөөс зайлсхийх) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- БНХАУ-ын иргэн Z... Х..., Монгол Улсын иргэн Т.А нар нь бүлэглэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодисыг 2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр худалдаалах зорилгогүйгээр, өөрсдөө хэрэглэх зорилгоор хууль бусаар олж авсан, улмаар 2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр У... нэртэй зочид буудлын өрөөнд хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- Д.Н нь Эрүүл мэндийн яамны харьяа Х... төвийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Д...” ХХК-ийн захирал Д.Б-тэй гэрээ байгуулж, 2006 онд үйлдвэрлэгдсэн, эмнэлгийн оношилгооны зориулалттай аппарат болох компьютер томографыг 400 сая төгрөгөөр худалдан авч, “Д ...” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт (Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- Б.Д нь ... дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2024 оны 01 дүгээр сараас 2025 оны хугацаанд Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон төсвөөс нийт 194,6 сая төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулж, их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт (Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувьдаа давуу байдал бий болгосон)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд;
- Ж.Э нь Нийслэлийн өмчит “...” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр албан тушаалаас нь чөлөөлж, өөр хүнийг гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байхад өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлж, нэр бүхий иргэдийг ажилд авах, мөнгөн урамшуулал олгох, ажлаас халах, ээлжийн амралт олгох болон компанийг төлөөлж иргэд, хуулийн этгээдүүдтэй ажил гүйцэтгэх, түрээс, худалдан авах гэрээнүүдийг байгуулах зэрэг шийдвэрүүдийг гаргаж дураараа аашилсан,
Мөн холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан “К...” ХХК-тай 210 сая төгрөгийн гэрээг шууд байгуулж, бусдад давуу байдал бий болгосон, эрх бүхий албан тушаалтны тушаал, шийдвэргүйгээр өөртөө 15 сая төгрөгийн цалин бодуулах, өөрийн хамаарал бүхий “Б....” ХХК-ийн зохион байгуулсан үйл ажиллагааны зардалд 65,1 сая төгрөгийг гаргуулж, өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт (Нийтийн албан тушаалтан дураар аашлах), 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад, өөртөө давуу байдал бий болгосон)-т зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.
|
Эх сурвалж
| УЕПГ
|
АДМИН






Нийгэм




