Dark Light
Нийгэм | 2026-04-20

ОНГОЦНЫ ТҮЛШ ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦЛӨӨР ТОГТМОЛ НИЙЛҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Зам, тээврийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр (2026.04.20) боллоо. Хуралдааны эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд төрийн байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хүнд суртал, хүлээгдэл чирэгдлийг бууруулах чиглэлээр яамны газрын дарга нар болон харьяа байгууллагуудын удирдлагуудад тодорхой чиглэлээр үүрэг, даалгавар өглөө.
Түүнчлэн ойрын өдрүүдэд цаг агаар тогтворгүй, салхи шуургатай байгаа тул салбар бүр зорчигч тээврийн аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Мөн хуралдаанаар эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж, төмөр зам, автотээврийн салбарт дараах чиглэлүүдийг өглөө. Үүнд:
  • Төмөр замын салбарт шаардлагагүй зардлыг танаж, хэмнэлтийн горимд шилжин ажиллах
  • Түлшний хомсдол, үнийн өсөлтийг  тооцоолж түлшний нөөц бүрдүүлэлтэд анхаарах, чанарын шаардлага хангасан түлш худалдан авах
  • Төмөр замын тээврийн үйл ажиллагаанд оролцогч ААН, байгууллагуудад одоо мөрдөж буй дүрэм, журмаас үүдэлтэй хэт их шаардлага, дарамт, хүндрэлүүдийг арилгаж, холбогдох дүрэм, журмын зохицуулалтыг хялбарчлах
  • Нефть импортлогч байгууллагуудтай  уялдаа холбоотой ажиллаж, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах чиглэл өгөв.
Мөн нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал Ц.Батсайхан нарт Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд дотоодын жуулчин тээвэрлэлт гүйцэтгэж байгаа ААН, иргэнтэй тээвэрлэлтийн гэрээ байгуулах, мөн тээврийн хэрэгслийн урд болон ар талд  “Tourist (Жуулчин)” гэсэн бичээс бүхий таних тэмдэг байрлуулах шаардлагаас 24-өөс доош суудалтай тээврийн хэрэгслийг чөлөөлөх албан даалгаврыг хүргүүлсэн талаар танилцууллаа. 
 
Мөн байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжих хүрээнд  цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх, EV (Бүрэн цахилгаан), REEV (Зай сунгагчтай) цахилгаан мотороор явдаг,  бензин хөдөлгүүрээр батарейгаа цэнэглэдэг тээврийн хэрэгслүүдийг дугаарын хязгаарлалтад хамруулахгүй ногоон дугаар олгох ажлыг 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар боллоо.  
 
Зам, тээврийн яам болон харьяа төрийн байгууллагууд хэмнэлтийн горимд шилжиж ажиллах, гадаад дотоодын томилолт, уралдаан тэмцээн, тэмдэглэлт өдрийн зардлыг танах, төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, ёс зүйг эрхэмлэж ажиллахыг анхаарууллаа. Мөн төрийн байгууллага болон  иргэдээс ирсэн албан бичгийн хариуг шуурхай шийдвэрлэж, хариу өгөхийг үүрэг болгов.  
 
Урин дулаан орж байгаатай холбогдуулан авто замын салбарт Замын-Үүд, Чойр чиглэлд даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслээс үүдэлтэй замын эвдрэл гэмтэл ихэсч байна. Үүнтэй  холбогдуулан жин хэмжих пүүг яаралтай байршуулж, хяналтыг чангатгах үүргийг "Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-т өгөв. 
 
”Монголын төмөр зам” ТӨХК-д Багахангай-Хөшигийн хөндийн чиглэлийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, Эмээлт орчимд зам холбох ажлыг шуурхай эхлүүлэхийг үүрэг болголоо.  Мөн 300 тэрбум төгрөгийн МТЗ бонд амжилттай арилжаалагдаж, ААН, компаниудын өр төлбөрийг барагдуулж байгааг салбарын сайд онцлоод,  үлдсэн 40-60 км төмөр замыг ирэх намар ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байгааг дахин санууллаа. 
 
”Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хүрээнд эдийн засгийн хүндрэлтэй цаг үед галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтад өөрчлөлт оруулж, зарим сул чөлөөтэй, зорчигч цөөн чиглэлийг нэгтгэж, зардлаа зөв төлөвлөж, транзит ачаа тээврийг нэмэгдүүлэх чиглэл өглөө.  
 
Иргэний нисэхийн салбарт Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ICAO) аюулгүй ажиллагааны шалгалтад өндөр бэлтгэлтэй оролцохыг үүрэг болгож, салбарын яам, холбогдох албаныхан онцгой анхаарч ажиллах шаардлагатайг онцлов. 
 
”МИАТ” ТӨХК-д Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-тай "Монгол Улсад Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт протоколд гарын үсэг зурж, агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлэхээр болсныг дуулгав.
 
Түүнчлэн “Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, төрийн албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол хэрэгжиж байгаа ч Зам, тээврийн яам ажлын таван өдрөөр хуваарийн дагуу ажиллана гэдгийг онцлон тэмдэглэлээ. Учир нь, бүтээн байгуулалтын ажил улирлын онцлогтой. Бид богино хугацаанд бүтээн байгуулалтын ажлуудаа үргэлжлүүлэх шаардлагатайг онцлов.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22