НИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны дарга Б.Золтуяа хэлэлцэх асуудлыг танилцуулав. Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч, хорооны гишүүн Ү.Оюунзул, Г.Батзориг, Т.Батцогт, Ч.Батзориг, Б.Сэмжидмаа нар оролцсон бөгөөд Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай, Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгон өөрчлөх тухай, “Туул голоо аваръя” хөдөлгөөн өрнүүлэх тухай, 2026 онд ойгоос бэлтгэх модны хэмжээг батлах тухай асуудлуудыг хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон Баянгол дүүргээс сонгогдсон Б.Сэмжидмаа тэргүүтэй НИТХ-ын 6 төлөөлөгч хамтран Гандантэгчинлэн хийд орчмын бүсийг цэцэрлэгт хүрээлэн болгон хөгжүүлэх саналыг өргөн барилаа. Тус орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгосноор хотын төвд иргэд амарч, алхах, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж бүрдэх байна. Мөн Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн Төсөл хөгжүүлэлтийн албаны дарга П.Сугарням танилцууллаа. Тус төслийн жагсаалтад аж ахуй нэгжээс ирүүлсэн саналын дагуу “Улаанбаатар хотын дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн” байгуулах төслийг танилцуулсан бөгөөд жилд 180-240 мянган хүнд үйлчлэх, өдөрт 500-650 хүнд үйлчлэх хүчин чадалтай 6 блок бүхий цогцолбор байгууламж барихаар төлөвлөжээ. Ингэхдээ төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд холимог санхүүжилтээр хийх саналтай төдийгүй “Улаанбаатар хотын дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн” байгуулах нийт 4га газар шаардлагатай байгаа аж. Тухайн цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноор цаашдаа кофе шоп, хоолны газар, үзвэр үйлчилгээ зэрэг түрээсийн үйлчилгээгээр орлог бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. “Улаанбаатар хотын дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн”-г байгуулснаар Улаанбаатар хотын 20.000м² талбайд мод, бут ургамал тарьж, жилд ойролцоогоор 10.3 тонн нүүрстөрөгчийг шингээх боломжтой болох ба энэ нь хотын агаарын чанарыг сайжруулж, PM2.5 бохирдлыг 15–18 хувиар бууруулахад хувь нэмэр оруулна гэж үзжээ. Мөн Нийслэлийн агаарын зорчих хөдөлгөөн, агаарын дэд бүтцийн сүлжээг хөгжүүлэх төслийг танилцуулав.
Үүний дараа “Туул голоо аваръя” хөдөлгөөн өрнүүлэх тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин танилцууллаа. Хөдөлгөөний гол зорилго нь усны нөөцийн хомсдол, бохирдолгүй усыг хойч үедээ үлдээх, хэрэгцээг хүртээмжтэй хангах, үерийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн усны дэд бүтцийн байгууламжуудыг барих, усны ухамсартай хэрэглээг бий болгоход чиглэжээ. Улмаар 2026-2030 онд бохирдлыг бууруулж усны чанарыг сайжруулах, хууль бус олборлолт, хайрга дайргын олборлолтыг зогсоох, хамгаалалтын бүсийг сэргээх, эх ундаргыг хамгаалах, судалгаа хийж иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Төлөөлөгчид хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан асуулт тавьж, санал хэллээ. Ингэхдээ төр хувийн хэвшлийн нэрээр төсөл хэрэгжүүлэхдээ санхүүжилт болоод хууль эрх зүйн уялдаа холбоог анхаарч ажиллахгүй бол үргүй зардал гаргах, хариуцсан эзэнгүй болох эрсдэл үүсэж болзошгүй тул анхаарч ажиллахыг санууллаа. Улмаар НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.




АДМИН







Нийгэм





