Боловсролын ерөнхий газраас e-sur.edu.mn платформ дээрх дижитал сурах бичигтэй холбоотойгоор тайлбар мэдээлэл гаргалаа. Тайлбарт:
"e-sur.edu.mn платформ Монгол Улсад боловсролын салбарын цахим шилжилтийг эхлүүлэх, сурах бичгийг цаасан хэлбэрээс интерактив, дижитал сургалтын орчинд шилжүүлэх суурь өөрчлөлтийг хийсэн анхдагч, стратегийн ач холбогдолтой санаачилга бөгөөд холбогдох журам, аргачлалын хүрээнд ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулж, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомжийн дагуу нээлттэй зарлаж сонгон шалгаруулсан.
Энэхүү ажлыг гүйцэтгэхээр шалгарсан хөгжүүлэгч компани буюу Learnetic SA нь боловсролын дижитал контент, платформ хөгжүүлэлтийн чиглэлээр 20 гаруй жилийн туршлагатай, 50 гаруй улсад 350+ төсөл хэрэгжүүлсэн олон улсын компани юм.
Мөн тус компани нь дэлхийн олон орны Боловсролын яам, томоохон хэвлэлийн газруудтай хамтардаг бөгөөд дижитал сурах бичиг, интерактив хичээл, LMS платформ хөгжүүлдэг, олон улсын e-learning стандартууд (SCORM, WCAG гэх мэт)-ыг хангадаг.
e-sur.edu.mn платформ дээрх дижитал, интерактив сурах бичгийн систем нь олон улсын түвшний боловсролын технологийн шийдэл дээр суурилсан гэдгийг онцолж байна.
- Орчин үеийн дижитал сурах бичиг, e-learning контентод Text-to-Speech (TTS) буюу хиймэл оюунд суурилсан дуу оруулалт өргөн хэрэглэгддэг.
- Энэ төрлийн технологи нь: Google, Microsoft, Amazon, болон бусад олон улсын системүүдэд байдаг.
- Дэлхийн олон орны боловсролын платформд стандарт хэрэглээ болсон. Сүүлийн үед улам сайжирч, олон төрлөөр гарах болсон.
- AI voice ашиглах нь чанарын доголдол биш, харин контентыг хурдан, хүртээмжтэй болгох технологийн шийдэл юм.
Дижитал, интерактив сурах бичгийн чанарын үзүүлэлт: Дижитал сурах бичгийн чанарыг дараах үндсэн үзүүлэлтээр үнэлж болно. Тухайлбал:
- Агуулгын зөв байдал (curriculum alignment)
- Сургалтад шууд ашиглаж болох
- Интерактив байдал
- Суралцагчийн оролцоог нэмэгдүүлэх байдал
- Өөрөө сурах бичиг болгон ашиглах гэх мэт.
Тус платформд сурах бичгийн даалгавар, мэдээллийг зөвхөн PDF хэлбэрээр оруулдаггүй, дасгал даалгавар нэг бүрчлэн оруулдаг бөгөөд суралцагч олон хувилбараар гүйцэтгэж, үнэлгээгээ шууд харах боломжтой. Одоо e-sur.edu.mn платформ дээр үндсэн хэрэглэгдэхүүн болох 33 сурах бичгийн цахим хувилбарт 1675 хичээл, 15864 интерактив хуудас, 12525 дасгал даалгавар нээлттэй, үнэгүй байршиж, багш, суралцагч, сонирхсон хүн бүр контент байдлаар ашиглаж байна.
2025 оны байдлаар дижитал, интерактив цахим сурах бичиг, дасгал даалгавруудыг бага ангийн багш нар болон ерөнхий боловсролын сургуулийн бага анги, боловсрол нөхөн олгох хөтөлбөрийн 308000 суралцагч өөрийн оролдлоготой гүйцэтгэсэн байна.
Тус платформ нь хөтөлбөрийн шинэчлэлтэй холбоотойгоор шинээр зохиогдох сурах бичгүүдээр тухай бүр M-author эрхээр update хийгдэж, ирэх хичээлийн жилээс нэмэлт хэрэглэгдэхүүн байдлаар 1-5 дугаар ангид бүрэн хэрэглэх боломжтой.
Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд энэхүү систем дээр ажиллахаар бүрэн бэлтгэгдсэн" гэжээ.
|
Эх сурвалж
| Боловсролын ерөнхий газар
|
АДМИН







Нийгэм





