“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор 1.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий 7 нэр төрлийн 9 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмжийг санхүүжүүлэх шийдвэрийг гаргалаа.
Энэхүү санхүүжилтийн хүрээнд тус эмнэлгийн оношилгоо, эмчилгээний чадавхыг нэмэгдүүлэхэд нэн шаардлагатай дараах тоног төхөөрөмжүүдийг худалдан авах боломж бүрдэж байна. Үүнд: гемодиализын иж бүрэн аппарат, гемодиализын зөөврийн ус цэвэршүүлэх төхөөрөмж, хүүхдийн хэт авиан оношилгооны аппарат, хүүхдийн дурангийн иж бүрдэл, дижитал рентген аппарат зэрэг орчин үеийн, өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжүүд багтаж байна.
Тус хөрөнгө оруулалт нь зөвхөн Дархан-Уул аймгийн төдийгүй төвийн бүсийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ач холбогдолтой юм. Тухайлбал Нэгдсэн эмнэлэгт өмнө нь нярайн зулай, хэвлий, тархи, зүрх судасны оношилгоог хийх зориулалттай орчин үеийн хүүхдийн эхо датчиктай аппарат байдаггүй байсан бол энэхүү санхүүжилтээр тус аппаратыг шийдэж, иргэд Улаанбаатар хотыг зорьж, өндөр зардал, цаг хугацаа зарцуулан оношлуулах шаардлага бодитоор буурах нөхцөл бүрдэж байна.
Мөн гемодиализын иж бүрэн аппаратыг шийдсэн нь Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж буй бөөрний архаг дутагдалтай өвчтөнүүдийн хүлээгдэл тодорхой хэмжээгээр буурах юм.
АДМИН








Нийгэм



