Авлигын эсрэг хууль тогтоомжид заасан үндсэн чиг үүргийн нэг нь нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийг хянах үйл ажиллагаа бөгөөд ХАСУМ-ийг бүрэн цахимжуулж, нэр дэвшигч нь тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэхийг хянаж, томилох байгууллага, албан тушаалтанд хариуг цахимаар мэдэгдэн ажиллаж байна.
2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтийн албанд шинээр томилогдох, албан тушаал дэвшин томилогдох, шилжин томилогдох, албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдох зэргээр нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн нийт 5900 гаруй нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянав.
Авлигатай тэмцэх газрын хяналтаар нэр дэвшсэн этгээд нь тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нийт 53 нэр дэвшигчийн талаарх дүгнэлтийг гаргаж, томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хариу мэдэгдсэний дийлэнх хувийг хөдөө орон нутгаас буюу нутгийн захиргааны байгууллага, орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд томилогдохоор нэр дэвшсэн удирдах албан тушаалтнууд байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, хөдөө аж ахуйн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн, Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын улсын байцаагч, Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын Ойн ангийн дарга, Ховд аймгийн орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвийн дарга зэрэг нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшигчид байна.
Түүнчлэн тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа нийтлэг зөрчил нь албан тушаалын тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай шаардлагыг бүрэн хангаагүй, шууд удирдлага дор хамаарал бүхий этгээд нь ажилладаг, хуулийн этгээд, аж ахуйн нэгж, байгууллагын удирдах бүтцэд бүртгэлтэй, авлигын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн зэрэг зөрчил байна.
Цаашид нийтийн албанд сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод явуулах, удирдах албан тушаалтны авлигын эсрэг манлайлал, ёс зүйг дээшлүүлэх, ялангуяа сахилга ёс зүйн зөрчил гаргаж төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан, улмаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдийг нийтийн албанд нэр дэвшүүлэхгүй байх талаар Авлигатай тэмцэх газраас холбогдох байгууллагуудад мэдэгдэж, биелэлтэд нь хяналт тавин ажиллаж байна.
|
Эх сурвалж
| АТГ
|
АДМИН







Нийгэм







