Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосон нь Монголын улс төрийг тогтворжуулах том жор мэт сурталчлагдсан. Засгийн газар ойр ойрхон солигддог, бодлого залгамж чанараа алддаг, улс төрийн хямрал эдийн засгийн хямралыг дагуулдаг тул парламентыг өргөтгөхөөс өөр аргагүй гэж тайлбарлаж байв.
Гэвч өнөөдөр эргээд харахад тоо нэмэгдсэнээс биш чанар нэмэгдсэнгүй.
Улс төрийн тогтолцоонд шинэ салхи оруулна гэсэн нэрээр жагсаалтаар олон шинэ хүн орж ирсэн. Гэвч туршлагагүй, улс төрийн боловсрол нимгэн, хариуцлага хүлээдэггүй хэсэг бүлэг парламентын танхимд нэмэгдсэнээс өөр үр дүн харагдсангүй. Нэг сонгуулиар парламентын бүрэлдэхүүний 60-70 хувь нь солигддог улс тогтвортой бодлого ярьж чадахгүй. Бодлогыг цаас биш, хүмүүс үргэлжлүүлдэг.
Үр дүнд нь парламент нэгдсэн чиглэлгүй, "шуудайнд хийсэн үхрийн эвэр" шиг болов. Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол зорилго болох тогтвортой засаглал ч биелсэнгүй. Хамгийн олон суудалтай МАН хүртэл нэг жилийн дотор гурав дахь Засгийн газрынхаа нүүрийг үзлээ.
Өнөөдрийн төрийн гол асуудал нь сөрөг хүчин биш, эрх баригч нам доторх зөрчил юм. Нэг талд Ерөнхий сайд, нөгөө талд нам дотор бий болсон шинэ эрх ашгийн бүлэглэлүүд. Сөрөг хүчнээсээ илүү эрх баригчид хоорондоо тэмцэж эхэлсэн нь засаглалын хямралын эхний шинж.
Үүн дээр хотын асуудал нэмэгдэв. Сүүлийн жилүүдэд нийслэлд асар их мөнгө, эрх мэдэл төвлөрүүлсний үр дүнд хот бараг тусдаа улс шиг болсон. Улс нь 14 мега төсөлтэй байхад хот нь түүнээс ч олон төсөлтэй, их наядаар хэмжигдэх төсөвтэй болов. Эрчим хүч, зам тээвэр зэрэг үндэсний хэмжээний бодлогууд хүртэл хоёр өөр төвөөс удирдагдах шинжтэй болсон нь хоёр Засгийн газартай мэт дүр зураг үүсгэв.
Энэ бүхний цаана эрх мэдлийн төлөөх тэмцэл явагдаж байна. Хотын даргыг огцруулах асуудал ч үүний нэг илрэл. Гэтэл хууль ёсоор хотын даргыг Ерөнхий сайд бус, нийслэлийн ИТХ шийддэг. Эрх мэдлийн хүрээгээ давж эхэлбэл засаглалын хямрал улам гүнзгийрдэг.
Эдийн засгийн талд ч ялгаагүй. Төр улам томорч, хувийн хэвшил улам жижгэрэв. Татвар нэмэгдэв. Хураамж нэмэгдэв. Улс өөрөө бизнес хийж эхлэв. Хувийн хэвшилтэй өрсөлдөн объект барьж, түрээслэж, хөрөнгө оруулалт хийдэг тоглогч болж хувирлаа. Төрийн оролцоо ихсэх тусам зах зээлийн боломж агшдаг гэдэг хуучин үнэн Монголд дахин батлагдаж байна.
Холимог сонгуулийн систем ч зорьсон үр дүндээ хүрсэнгүй. Тойргийн гишүүн ядаж сонгогчдоосоо айдаг. Харин жагсаалтын гишүүн хэний өмнө хариуцлага хүлээх нь тодорхойгүй үлдсэн. Нам нь өөрөө дотоод хямралтай үед жагсаалтын гишүүдийн хариуцлага бүр ч сарнина. Ингээд парламент дотор эрх мэдэлтэй мөртлөө хариуцлагагүй шинэ бүлэг бий болов.
Өнөөдөр Монголын улс төрийн гол бэрхшээл нь хувь хүмүүсийн асуудал биш. Илүү гүн шалтгаантай. Улс төрийн үе солигдох гэж оролдож байгаа ч эдийн засгийн эрх мэдлийг атгасан хуучин бүтэц хэвээрээ үлдсэн. Шинэ улстөрчид гарч ирсэн ч мөнгөний эзэд хуучнаараа. Институцийн шинэчлэл эхэлсэн ч ашиг сонирхлын бүтэц өөрчлөгдөөгүй.
Ленин үүнийг "дээдэс нь хуучнаараа захирч чадахгүй, доодос нь хуучнаараа захирагдахыг хүсэхгүй болох үе" гэж тодорхойлсон байдаг. Монгол яг ийм зааг дээр иржээ.
Тиймээс асуудал Н.Учралд ч биш, Л.Оюун-Эрдэнэд ч биш. Асуудал нь тогтолцоо, эрх ашиг, мөнгөний төвлөрөлд байна. 126 гишүүнтэй болсон ч тогтолцоо нь хэвээрээ үлдсэн учраас үр дүн нь ч хэвээрээ үлдэв.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм






