Dark Light
Нийгэм | 2026-09-27

ДУНДАД ЗУУНЫ МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХУВЦАС БА ҮС ЗАСАЛТ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Дундад зууны түүх, соёл, нийгмийн амьдралын талаарх мэдээ мэдээлэл, эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны бүтээлүүдийг нэгтгэн хүргэдэг дэлхийн хамгийн том цахим платформ Medievalists.net дээр Жак Р. Вилсон (Jack R. Wilson) Монголын язгууртан эмэгтэйчүүд яг юу өмсдөг байсан тухай сонирхолтой өгүүлэл нийтлүүлснийг Zogii.mn уншигчдадаа хүргэж байна.

Монголын язгууртан эмэгтэйчүүд яг юу өмсдөг байсан бэ? Урлагийн бүтээлүүд, аялагчдын тэмдэглэл, археологийн олдворууд тэдний үс засалт, толгойн гоёл чимэглэлийн талаар бидэнд юу өгүүлж чадах вэ? Төлжсөн сүлжихээс эхлээд сүрлэг богтаг малгай хүртэлх түүхэн баримтууд нь Монголын эзэнт гүрэн даяар түгсэн ордны өвөрмөц хэв маягийг илчилдэг.

Энэхүү нийтлэлээрээ Монгол эмэгтэйчүүд үсээ хэрхэн засдаг байсан тухай түүхэн эх сурвалжуудад хэрхэн тэмдэглэгдсэн болон тэдний материаллаг соёлын бусад талуудыг авч үзэх болно. 

Үлдэж хоцорсон бичгийн болон дүрслэх урлагийн эх сурвалжуудад Монгол эрчүүдийн өвөрмөц нулха (nuqula - шивэлгэр үс засалт: толгойн оройг хусаж, духан дээр дөрвөлжин үс үлдээж, үлдсэн үсийг чихний ардуур багцлан гогцоо гаргадаг) үс засалтын талаарх тодорхойлолт элбэг байдаг ч эмэгтэйчүүд үсээ хэрхэн засдаг байсан талаар харьцангуй бага анхаарал хандуулсан байдаг. (орч. Шивэлгэр (эсвэл шивэлгэр гэзэг) нь эртний монгол эрчүүдийн уламжлалт үс засалт юм. Энэхүү засалт нь ялангуяа Хүннү гүрний үеэс уламжлагдан, Их Монгол Улс болон Юань гүрний үед (XIII-XIV зуун) нүүдэлчдийн угсаа гарвал, зэрэг дэв, соёлын тусгаар тогтнолын гол бэлгэдэл болон өргөн дэлгэрчээ. Монголын Нууц Товчоо-нд "Хоёр шивэлгэрээ ар дээрээ оорч..." (хоёр шивэлгэр гэзгээ ар нуруу руугаа сул хаяж) хэмээн тэмдэглэгдсэн байдаг). Энэ нь хэсэгчлэн эмэгтэйчүүдийн өмсдөг байсан хувцасны хэв маягтай холбоотой бөгөөд тэдгээр нь аялагчдын хараанаас эсвэл Монголын ордны зураачдын уран зурагт үсийг нь далдлан нуудаг байсантай холбоотой юм. Үүний дагуу эх сурвалжуудад үс нь доогуураа хэрхэн харагдаж байсан бэ гэхээсээ илүү эмэгтэйчүүдийн өмсөж байсан малгайн талаар голчлон дурдсан байдаг. Манай эх сурвалжууд (бичгийн, дүрслэлийн болон археологийн аль аль нь) дийлэнхдээ зөвхөн дээд ангийн язгууртан эмэгтэйчүүдийн тухай мэдээллээр хангадаг тул эдгээр зүйлс Монголын өндөрлөг дэх жирийн ард түмэнд хэр зэрэг хамааралтай байсныг мэдэхэд хүндрэлтэй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. 

(Зураг 1: Хубилай хаан ан хийж буй нь, ойролцоогоор 1280 он. Юань гүрний ордны зураач Лиу Гуандаогийн бүтээсэн энэхүү алдартай зурагт Хубилай хаан (1260−1294 онд хаанчилсан) өөрийн хатдын нэг, түүний ахлах хатан Чамбуй (1284 онд нас барсан) гэгддэг хатны хамт дүрслэгдсэн байдаг)

Гэсэн хэдий ч Монгол эмэгтэйчүүдтэй (эсвэл ядаж Чингисийн алтан ургийн язгууртнуудын соёлын хүрээнд байсан эмэгтэйчүүдтэй) холбоотой цөөн хэдэн үс засалтыг ажиглаж болно. Юань гүрний (Хятадыг 1368 он хүртэл, Монголыг 1635 он хүртэл захирч байсан Монголын эзэнт гүрний үргэлжлэл) үеэс хадгалагдан үлдсэн зарим уран зурагт эмэгтэйчүүдийн үс чихнийх нь ард гогцоорч унасан байдалтай дүрслэгдсэн байдаг нь эрчүүдийн өмсдөг байсан гогцоотой шивэлгэр (šibülger) үстэй ижилсэж байдаг. 

(Зураг 2: Хятадын Шэньси мужийн Пүчэн хотын Дүн-эр тосгоны Юань гүрний үеийн булшны хойд ханын ханын зураг. Сууж буй эмэгтэй Монголын дээд ангийн эмэгтэйн хувцас өмссөн байна. Зогсож буй эмэгтэй нь шивэгчин бөгөөд түүний мөрөн дээр гогцоотой сүлжсэн үс нь харагдаж байна)

Энэхүү гогцоотой үсний хэв маяг нь Монголын эзэнт гүрний баруун хязгаар болох орчин үеийн Ойрхи Дорнодын ихэнх хэсгийг захирч байсан Ил хаант улсын урлагийн бүтээлүүдэд ч мөн адил харагддаг. Хэд хэдэн жишээг Ил хаант улсын зурагт Шахнаме (Шахнама) соёлын өвөөс харж болно. Шахнаме ("Хаадын шастир") нь X зууны үеийн Персийн туульс боловч Монголын ноёрхлын үед ч нэр хүндтэй хэвээр байсан юм. Ил хаант улсын ордныхон болон язгууртнуудын ивээл дор баялаг зураг чимэглэл бүхий хэд хэдэн гар бичмэлүүд бүтээгдсэн бөгөөд тэдгээрээс зарим нь өнөөг хүртэл янз бүрийн хадгалалтын байдалтай үлджээ. Түүний сэдвүүд, эртний Персийн баатрууд эсвэл Македоны Александр (Фарси хэлээр Сикандар гэгддэг болсон) ч бай, тэдгээрийг тухайн үеийн Монголын хувцас хунар, хуяг дуулга, монгол нүүр царайны төрхтэйгөөр дүрслэх хандлагатай байв. Эдгээр бүтээлүүд нь өөрсдийнхөө дүр төрхийг тэндээс харахыг хүссэн Алтан ургийн ордныхон болон язгууртнуудын зугаа цэнгэлд зориулагдсан байжээ. 

(Зураг 3: "Михран Ситад Хааны таван охины нэгийг сонгож буй нь", Их Монгол Шахнаме ("Демотт"). Ил хаант улс, ойролцоогоор 1335 он. Бостоны Дүрслэх урлагийн музей) 

Ил хаант улсын урлагт энэхүү хэв маягийн нарийвчлалын түвшин өөр өөр байдаг. Зураг 3-аас харахад үсний гогцоо нь дундаа завсаргүй хар тойрог болон хувирсан байдаг; энэ нь үс засалтын бодит ялгаа гэхээсээ илүү уран зургийн хэв маягийн үр дүн байх магадлалтай. Зураг 3 дахь эмэгтэйчүүдийн үс нь Шахнамегийн зохиомол гүнжүүд учраас илүү чамин гоёмсог байгаа хэдий ч чихнийх нь доор харагдаж буй үсний багц нь загварчилсан гогцоо байх магадлал өндөр юм. Үүний зэрэгцээ, арай эрт үеийн Шахнамегаас авсан, бага загварчилсан жишээг Зураг 4-өөс харж болно. 

(Зураг 4: "Гурдия Хосров Парвизд Хааныг хэрхэн ялснаа үзүүлж буй нь", Анхны Жижиг Монгол Шахнаме, ойролцоогоор 1300 он, Ил хаант улс. Честер Битти номын сан) 

Гэвч Ил хаант улсын урлагт үсний гогцооноос илүү олонтаа дүрслэгдсэн зүйл бол эмэгтэйчүүдийн үсийг урт сүлжих хэв маяг юм. Зураг 5-аас 9-д зарим илүү нарийвчилсан жишээг харуулав. Ерөнхийдөө хоёр урт сүлжих нь цээж даган унаж, зарим тохиолдолд эмэгтэйн бэлхүүснээс доош татсан байдаг. Зураг 7-оос харахад бусад сүлжмэлүүд ар нуруу руу унаж, тухайн хүн олон урт сүлжсэн үстэй үлдэж болох байв. Энд үс нь ихэвчлэн үнэт эдлэл болон бусад чимэглэлээр чимэглэгддэг. Зарим тохиолдолд дүр зураг дахь эрчүүд ч мөн ижил аргаар үсээ зассан байдаг (Зураг 8). Энэ нь эрчүүдийн хувьд нулха үс засалтын хууль ёсны холбоосыг харгалзан үзвэл урлагийн эрх чөлөө (Шахнаме нь зохиомол өнгөрсөн үед зориулагдсан) байх магадлалтай юм. 

(Зураг 5: Ил хаант улсын хатны дүрслэл, Мүнис ал-ахрар фи дакаик ал-ашар, 1341 он. Исфаханд Ил хаант улсын сүүлчийн өдрүүдэд бүтээгдсэн бөгөөд хааны хосын хэн болох нь маргаантай байдаг. Энэ нь Сүлейман хан (1339-1341) болон түүний эхнэр, Ил хаан Өлзийтийн охин Сати Бэг нарыг дүрсэлсэн гэж олонтаа таамагладаг)

(Зураг 6: "Рудаба ба Зал хамтдаа", Анхны Жижиг Монгол Шахнаме, ойролцоогоор 1300 он, Ил хаант улс. Честер Битти номын сан)

(Зураг 7: "Судаба Сиявушийн эсрэг буруутгал хийж буй нь", Анхны Жижиг Монгол Шахнаме, ойролцоогоор 1300 он, Ил хаант улс. Фрир урлагийн галерей)

(Зураг 8: "Цезарь өөрийн охин Катауныг Гуштаспад өгч буй нь", Шахнамегаас. Ил хаант улс, ойролцоогоор 1330−40 он. Метрополитен урлагийн музей)

(Зураг 9: "Фаррухруз Гулруг хараад уйлж буй нь", Китаб-и Самак Аяр номоос, 3-р хэсэг. Ил хаант улс, ойролцоогоор 1330-ад он. Бодлеин номын сан) 

Эзэнт гүрний үеийн Монгол эмэгтэйчүүдийн үсний засалтад ажиглагдаж буй гуравдахь шинж чанар бол эрчүүдийн үсээ хусдаг байсантай ижилсэх нэгэн өвөрмөц хусах зан үйл юм. Францискан одонт лам Гийом де Рубрук 1250-иад оны эхээр Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотод аялж, Францын хаан IX Луи-д зориулан аяллын тэмдэглэлээ бичжээ. Рубрукийн тэмдэглэл нь тухайн үеийн хамгийн үнэ цэнэтэй "этнографи"-уудын нэг бөгөөд тэрээр энэ аялалдаа дургүй байсан ч Монголын эзэнт гүрний соёл, хувцас хунарын талаар нарийвчилсан, найдвартай тодорхойлолтыг санал болгосон байдаг. Эмэгтэйчүүдийн хувцас, үсний талаар тэрээр ингэж бичжээ:

“Охидын хувцаслалт нь эрчүүдийнхээсээ ялимгүй урт гэдгээрээ л ялгаатай. Харин гэрлэсэн өдрийнхөө маргааш [охин] толгойнхоо оройноос дух руугаа чиглүүлэн үсээ хусдаг байна. Тэрээр гэлэнмаагийн өмсгөл мэт өргөн, харин урд хэсэгтээ хавьгүй уужим бөгөөд урт энгэртэй, баруун талдаа бүчлэгддэг дээлтэй байдаг. Татар (монголчууд) болон түрэгүүд үүгээрээ ялгаатай бөгөөд түрэгүүд дээлээ зүүн талдаа, харин татарууд үргэлж баруун талдаа бүчлэгддэг”.

~ Хувраг Гийом де Рубрукийн даалгавар: Түүний Их Хаан Мөнхийн ордонд зорчсон аялал, 1253–1255, орчуулсан Питер Жэксон.

Гайхалтай нь, Рубрукийн тэмдэглэсэн гэрлэсэн эмэгтэйчүүдэд зориулсан энэхүү өвөрмөц заншил буюу хуримынхаа дараа толгойнхоо урд хэсгийг хусдаг заншил нь XIV зууны Юань гүрний Их хаадын хатан, татвар эмсийн хөрөг зургуудад үнэхээр батлагддаг бөгөөд энэ нь тэдний өмссөн богтаг малгайн тунгалаг, нэвт харагддаг урд талын хэсгээр илэрхий харагддаг байна. Бусад Юань эсвэл Ил хаант улсын уран бүтээлүүдэд энэхүү заншил дүрслэгдсэн байж болох ч богтаг малгай нь ийм тунгалаг, нимгэн даавуугүй байснаас шалтгаалан халхлагдаж, харагдахгүй үлдсэн байх магадлалтай юм.

Зураг 10: Хайсан хүлэг хаан (р.1307−1311) болон Аюурбарбад буянт хаан (1311−1320) нарын эх Даги буюу Тажи хатаны (1320 онд нас барсан) хөрөг.

Зураг 11: Юань гүрний хатны хөрөг. XIV зуун.

Зураг 12: Юань гүрний хатны хөрөг. XIV зуун.

Зураг 13: Шадбал гэгээн хааны (хаанчилсан он: 1321–1323) хатны хөрөг. Юань гүрэн.

Дундад зууны үеийн Монгол эмэгтэйчүүдийн хувцас хэрэглэл

Дундад зууны үеийн монгол эмэгтэйчүүдийн хувцас хэрэглэлийн хамгийн бэлгэ тэмдэг болсон хэсгийг дээрх хэд хэдэн уран зураг дээр (Зураг 2, Зураг 10-13) хэдийнэ үзүүлсэн билээ. Энэ бол богтаг (орчин үеийн монгол хэлээр: Богтаг) юм. Эдгээр өндөр малгайнууд нь утсан эсвэл модон хүрээнээс бүрдэх бөгөөд гадуур нь даавуугаар (язгууртан эмэгтэйчүүдийн хувьд торгоор) бүрдэг байв. Үүнээс үүссэн цамхаг хэлбэртэй хэсгийг толгойдоо сайтар уяж бэхэлсэн өөр нэгэн малгайн нүхээр сүвлэн өмсдөг байжээ. Богтаг малгайн орой дээр гоёл чимэглэлийн өд (тогосны өд маш их эрэлттэй байсан) байрлуулдаг байсан нь уг гоёлыг бүр ч өндөр харагдуулдаг байсан бөгөөд үүнийг үнэт эрдэнэс, чулуугаар (алт, сувдыг илүүд үздэг байв) улам бүр чимэглэдэг байжээ. Үр дүнд нь энэ нь үнэхээр гайхалтай харагддаг байсан бөгөөд дундад зууны үеийн Хятад, Араб, Перс болон Европын зохиогчдын тэмдэглэлд хамгийн их дурдагдсан монгол эмэгтэй хүний хувцас хэрэглэл юм. 13-14-р зууны монгол язгууртан эмэгтэйчүүдийн булшнаас олдсон археологийн хэд хэдэн жишээ ч (Зураг 19) олдсон бөгөөд эдгээр нь судлаачдын бүлэгт хуваасан өвөрмөц өөр өөр хэв маягийг харуулдаг.

Зураг 14: “Монголын хааны сэнтий.” Арван цомог, “А” цомог, 70-р хуудас (fol. 70), 103-р тал, S. 23 №1. “Жами’ ат-Таварих”-аас? Ил хаант улс, ойролцоогоор 1310 он.

Энэ нь өдөр тутмын амьдралд хэрэглэхэд нэлээд хүндрэлтэй, хаалгаар орж, гарахад ч төвөгтэй хувцас хэрэглэл байв. Богтагийг гэрлэсэн язгууртан эмэгтэйчүүд өмсдөг байсан бөгөөд 1200-аад оны үед доогуур зиндааны эмэгтэйчүүд үүнийг өмсдөг байсан гэх баримт хомс байна. Тэдгээрийг ордны баяр ёслол, зан үйлийн үеэр албан ёсны хувцас (Зураг 14) болгон өмсдөг байсан бөгөөд эдгээр өндөр хэргэм зэрэгтэй эмэгтэйчүүд ч өдөр тутмын амьдралдаа ая тухтай байдлыг бодож үүнийг тайлдаг байсан болов уу. Хэрэв доогуур зиндааны эсвэл жирийн эмэгтэйчүүд үүнийг өмсдөг байсан бол тэдгээр нь хавьгүй энгийн, авсаархан хувилбарууд байсан бөгөөд ийм үнэтэй материалаар хийгддэггүй байсан байх магадлалтай.

Эйрэн Шэйгийн "Монгол ордны хувцаслалт, ижилсэл бүрэлдэх явц ба дэлхийн солилцоо" бүтээлд дурдсанчлан, Ил хаант улсын хожуу үеийн уран бүтээлүүдэд (Зураг 4) илүү алдартай богтаг гэхээсээ илүү толгойн гивлүүр буюу алчуурыг (бухнук) түгээмэл зүүсэн байдаг. Энэ нь загварын чиг хандлагын өөрчлөлтийг тусгасан уу, эсвэл зүгээр л уран зургийн хэв маяг байсан уу гэдэг нь тодорхойгүй боловч 15-р зууны Төмөрийн улсын урлагт богтаг дахин тодрон гарч ирсэн байна.

Богтаг малгай нь Дундад зууны үеийн Европын гүнж нарын өмсдөг алдартай шовгор малгай болох хеннин (hennin)-ий үүсэл хөгжилд нөлөөлсөн гэх үндэслэлүүд бас гардаг. Тэгвэл "өндөр хэргэм зэрэгтэй эмэгтэйчүүдэд зориулсан өндөр малгай" (энэ нь монголчуудаас хамаагүй өмнө тал нутагт байсан маш эртний чиг хандлага) гэсэн хэлбэрийн ерөнхий төсөөтэй байдлаас цааш энэхүү онолыг батлах найдвартай баримт маш хомс байна. Цаашилбал, хеннин малгай харьцангуй хожуу (15-р зуунд) гарч ирсэн нь 13-14-р зууны үеийн монголчуудын нөлөө хамгийн наад зах нь маш шууд бус байсныг илтгэж байгаа юм.

Зураг 15: Ил Хаант улс эсвэл Төмөрийн үеийн язгууртан эмэгтэй болон түүний хормойг нь өргөж яваа зарц нарын дүрслэл. “Mongolische Dame mit Dienerschaft.” Diez-ийн цомог (Diez Albums), Diez A fol. 72, хуудас 29 S. 11 №2. Ил Хаант улс/Төмөрийн үеийн Иран, XIV–XV зуун (?).

Эмэгтэйчүүдийн дээл (de’el) нь эрчүүдийнхтэй ижил энгэртэй байсан бөгөөд өмд болон гутал (qutul)-ын гадуур өмсөгддөг байв. Эмэгтэйчүүд морь унах шаардлагатай хэвээр байсан тул хувцас хэрэглэл нь практик байдалтай хэвээр үлдэх ёстой байжээ. Практик байдлын энэхүү шаардлага нь Юань гүрний үеийн Хятад дахь Монголын язгууртан эмэгтэйчүүдийн дунд хөл боох заншлыг (footbinding) дадлага болгон хэрэглэдэггүй байсныг мөн илэрхийлнэ. Хөл боох заншил нь тухайн үед харьцангуй шинэ чиг хандлага байсан бөгөөд голдуу шинээр байлдан дагуулсан өмнөд Хятадын элитүүдийн хүрээнд л хязгаарлагдаж байсан ба тэдгээр эмэгтэйчүүд морь унах, нум сум харвах эсвэл Хубилай хааны ордныхонтой хамт нийслэл хотуудын хооронд жил бүр нүүдэллэх шаардлагагүй байв.

Зураг 16: “Монгол баярын бэлтгэл ажил.” Диезийн цомог (Diez Albums), Diez A, 70-р хуудас, №1. *Жами’ ат-Таварих*-аас уу? Ил хаант улс, ойролцоогоор 1310 он.

Хамгийн том ялгаа нь, мөн л магадгүй дээд зиндааны эмэгтэйчүүдэд зориулагдсан байсан зүйл бол эмэгтэйчүүдийн дээлэнд илүү их материал ордог байсан явдал юм (14-р зураг дээрх эмэгтэйчүүдийн ханцуй эрчүүдийнхтэй харьцуулахад илүү цүдгэр, овор ихтэй байгааг анзаараарай), тэр байтугай хормой нь газар чирэгдэхүйц урт байв (15 болон 16-р зураг). Дундад зууны үеийн дэлхийн хаана ч байсан хувь хүмүүс өөрсдийн баялгийг гайхуулах нэг арга нь хувцас хийсэн материалын төрөл (дэд зиндааны монголчуудын хувьд нашиши хэмээх алтан утастай торго хамгийн үнэтэйд тооцогддог байв) болон ашигласан материалын хэмжээ байлаа. Шаардлагатай хэмжээнээс хавьгүй илүү материал үрэх нь тухайн хувцасыг өмсөгч нь илүүдэл хөрөнгөтэй гэдгийг харуулах хэрэгсэл байсан юм. Ялангуяа элитүүдийнх нь хувцаслалт жирийн малчны дээлний ерөнхий эсгүүрийг дагасаар байсан монголчуудын хувьд өөрсдийн зэрэг зиндааг бэлхнээ харуулахын тулд ийм ялгарал, гоёл чимэглэл зайлшгүй шаардлагатай байв.

Бүс болон малгай нь эр хүний хувцаслалтын гол ялгарах онцлог шинжид тооцогддог байсан бөгөөд тэдгээрийг тайлах нь бууж өгөх эсвэл доромжлол хүлээхийн бэлгэдэл байв. Үүний эсрэгээр, эмэгтэйчүүдийг бүс зүүдэггүй гэсэн хэвшмэл ойлголт байсан бөгөөд тэд уран зургуудад хэзээ ч бүстэйгээр дүрслэгддэггүй, мөн яруу найрагт заримдаа бүс үгүй буюу "бүсгүйчүүд" гэж нэрлэгддэг байжээ. Гэвч энэ нь өдөр тутмын ахуйн хэрэгцээндээ төдийлөн санаа зовдоггүй байсан дээд зиндааныханд илүү хамааралтай, туйлширсан ойлголт байсан юм. Тал нутгийн хувцаслалтад бүс нь маш практик ач холбогдолтой зүйл байлаа; дээл болон түүнтэй ижил төстэй хувцаснуудад (халаад, кафтан) халаас байдаггүй байсан тул бүс нь өдөр тутамд хэрэгцээтэй ихэнх багаж хэрэгслийг зүүх гол газар байсан төдийгүй, бүсийг чангалж бүсэлснээр дээлний цээж хэсэгт халаас болгон ашиглаж болох орон зай үүсдэг байв (энэ нь өнөөдөр ч үндэсний хувцасаа өмсдөг монголчуудын дунд хэрэглэгдсээр байгаа арга юм). Ихэнх малчин эмэгтэйчүүдийн хувьд бүсний энэхүү ашиг тусыг үл тоомсорлох аргагүй бөгөөд тэд шаардлагатай үедээ бүс зүүдэг байсан байх магадлалтай. Үүний зэрэгцээ, Ил хаан Абу Саидын (1316-1335 онд хаанчилсан) эхнэр, алдарт Багдад хатан зэрэг монгол эмэгтэйчүүд нум сум, саадаг, сэлэм агсан явдаг байсан тухай түүхэн сурвалжуудад дурдсан байдаг нь тэд эдгээр байлдааны хэрэгслүүдийг бэхлэхийн тулд бүс зүүж байсныг илтгэнэ.

Зураг 17: Торгоор хийсэн эмэгтэй хүний ​​ёслолын гадуур дээл. Монгол Улсын Дорноговь аймгийн Нартын хадны булшнаас олдсон 5 дугаар дээл. Зургийг: Ildikó Oka, “Mongol Clothing in the Yuan Period.” Acta Orientalia Academiae Scientiarum Hungaricae 68, №4 (2015): 395-аас авав.

Эрчүүдийн дээл нь баруун суганыхаа доогуур товчлогддог гэж түүхэн сурвалжуудад тогтмол бичигдсэн байдаг бөгөөд бичгэн эх сурвалжууд болон ихэнх дүрслэх урлагийн бүтээлүүд эмэгтэйчүүдийн дээлийг ч мөн адил ийм байсан гэж баталдаг. Гэсэн хэдий ч цөөн хэдэн дүрслэл болон булш уулнаас малтан гаргасан, өдгөө хадгалагдан үлдсэн жишээнүүд нь үүнээс өөр хувилбар байсныг харуулдаг бөгөөд үүний нэг жишээ нь дээрх 2-р зурагт дүрслэгдсэн ханын зураг дээрх суугаа эмэгтэйн дээл юм.




Зураг 18: Эмэгтэй хүний ​​дотуур өмсгөл буюу даашинз. Монгол Улсын Дорноговь аймгийн Нартын хадны булшнаас олдсон 4-р үзмэр. Зургийг: Ildikó Oka, “Mongolian Clothing in the Yuan Period.” Proceedings of the Oriental Academy of Sciences of Hungary 68, №4 (2015): 393.

Монголын зүүн говь дахь Их Нартын хадны уулын агуйд оршуулсан 13-14-р зууны үеийн өндөр настан эмэгтэйн булш нь зарим нэг гайхалтай жишээнүүдийг бэлхнээ харуулдаг. Нэгдүгээрт, элитүүдийн оршуулгад нийтлэг байдагчлан, түүнийг хажууд нь богтаг малгайг нь (Зураг 19) байрлуулан нутаглуулжээ. Мөн түүнийг гурван дээлтэй хамт оршуулсан байна. Эхнийх нь бусад давхаргуудын доогуур өмсдөг хувцас болох цэгдэг (cegdeg) байсан бөгөөд энэ тохиолдолд хээ угалзтай цагаан торгомсог даавуугаар эмжсэн, улаан өнгийн цулгуй торгоор хийгдсэн байв (Зураг 18). Сонирхолтой нь, энэ нь монгол дээлний нийтлэг захтай боловч энэхүү зах нь бүхэлдээ гоёл чимэглэлийн шинжтэй юм. Өөрөөр хэлбэл, энэ нь ердийн дээл шиг үнэндээ нээгддэггүй бөгөөд толгой дээгүүр нь углаж өмсөх ёстой байжээ. Үүнийг үл харгалзан, нээгддэг дээлний загвартай үзэгдэх орчны хувьд яг таарч тохирохоор урласан байв. Нартын хадны эмэгтэйг хамт оршуулсан өөр нэг дээл нь улаан алтан утастай нашиши (nashishi) торгоор хийсэн баяр ёслолын гадуурх хувцас байжээ. Энэ нь өмсөх хамгийн гадна талын давхарга байв; цэгдэгээс ялгаатай нь энэхүү дээл нь нээгддэг боловч 2-р зураг дээрх ханын зурагтай адил зүүн талдаа, зүүн суганыхаа доогуур бүчлэгддэг байжээ (энэ нь бичгэн сурвалжуудад тэмдэглэгдсэн эсвэл өдгөө хадгалагдан үлдсэн жишээнүүдэд байдаг шиг баруун суганы доогуур байдагтай эсрэгцэнэ).

Энэхүү өгүүллийн зохиогч Жэк Вилсон Төв Европын Их Сургуульд (Central European University) магистрын зэргээ хамгаалсан бөгөөд тэндээ Ногайн амьдрал, карьер болон арван гуравдугаар зууны сүүл үеийн Алтан Ордон дахь түүний гүйцэтгэсэн үүргийг дахин үнэлэх сэдвээр дипломын ажил бичсэн байна. Тэрээр одоо Төв Европын Их Сургуулийн (CEU) докторантур бөгөөд арван гуравдугаар зууны сүүл үеийн Алтан Ордны улсыг голлон судалж байна. Та түүний Монголын эзэнт гүрний тухай бэлтгэдэг танин мэдэхүйн видеонуудыг YouTube дэх "The Jackmeister: Mongol History" сувгаас нь зочилж үзэх боломжтой. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19