Dark Light
Нийгэм | 2026-05-30

ЦООНОГТ УНАСАН 3 НАСТАЙ ОХИНЫ ЭРЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Төв аймгийн Заамар сумын, 3-р багийн Ар наймган гэх газар 3 настай охин цооногт унасан харамсалтай явдал болсон. Онцгой байдлын алба болон уурхайн ажилчид охиныг гаргаж авахаар одоо хүртэл ажилласаар байна. 
Охиныг аврах ажиллагааны үеэрх ар гэр болоод холбогдох албаны хүмүүсээс манай сурвалжлах баг тодруулсныг багцлан хүргэж байна.

Онцгой байдлын еөрнхийТөв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уурхайн өрөмдлөгийн цооногт унасан гурван настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна.
Тухайн цооногийн зэргэлдээх ухаж байгаа нүхний өргөн 35 метр, урт 70 метр бөгөөд 3 дамжлагатай шатлан ухаж, нийт 32 метр орчим ухаад байна.
Ослын голомтод Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г. Эрдэнэбатаар ахлуулсан 48 хүн, 28 автомашин, 20 тусгай зориулалтын техник, хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм.
Мөн ОБЕГ-ын Шуурхай штабаас удирдлага, зохион байгуулалтаар тогтмол хангаж байна.
Хүүхэд цооногт унаснаас хойш 29:20 цаг, ажиллагааг эхлүүлснээс хойш 24:03 цаг болж байгаа бөгөөд маркшейдерийн мэргэжилтнүүд нарийвчилсан хэмжилт хийж, могойн нүд камер ашиглан цооногт доргилт өгч байгаа эсэхийг тогтмол хянаж байна.

Охины нагац эгч:
Өчигдөр би Улаанбаатараас мэдээлэл аваад юу болж байгааг асуусан чинь доошоо бүлээн жин тавьж байна гэсэн. Зориулалтын лазераар бүлээн жин тавьж байгаа байх гэсэн чинь саванд ус хийгээд доош нь болгож байгаа гэсэн. Эцэг эхийнх нь байдал маш хүнд байна. Энэ нүхнүүдийг хэн мэдэх ёстой вэ? Хэн хариуцага хүлээх ёстой гэдгийг тогтоох хэрэгтэй.

Охины ах:
Манай дүү энэ уурхайд өрөмийн мэргэжилтэн хийдэг. Амьдрахын эрхэнд л хоёулаа энд ажиллаж байна. Уг нь эмээ нь Өвөрхангайгаас авах гээд ирж байх хооронд л ийм юм болчихлоо. Хариуцлагагүй том нүх ухаж үлдээсэн компаниудаас болоод л ийм зүйл болчихлоо. Яаж ч бодсон 20 гаруй цаг өнгөрчихсөн үед нөхцөл байдал хэцүү шүү дээ. 05 цагаас эхлээд аврах ажиллагаа эхэлсэн. Онцгойгийнхон онгоцоор нисч ирсэн л гэсэн, онцгойд үнэндээ ямар ч багаж хэрэгсэл алга, могой дуран гэх мэт яриад байгаа нь ч худлаа, бүх багаж хэрэгсэл энэ уурхайгаас гарч байгаа, зардал, техник гэх мэт... Онцгойд хэдэн хүрз л байх шиг байна. Тойрч эргэлдэж зогсохоос өөр зүйл хийхгүй, доошоо орчих болов уу гэж удаан харлаа орсонгүй.
Биднийг тэр нүхэндээ хамгаалалт татчихаад огт ойртуулахгүй байна. Ядаж аав ээжид нь ч харуулчихгүй юм даа.

Редвулкан компанийн инженер:
Бид хөндлөн малталт хийж охиныг гаргаж авахаар ажиллаж байна. Энэ лицензийн талбайн Редвулкан компанийн мэдэлд байгаа. Энд өөр таглаагүй, ухаад орхисон хэдэн нүх байгааг хэлж мэдэхгүй байна. Манайх захиалагч тал. Охины аав ээж бол гүйцэтгэгч компанийн ажилчид л даа. Гүйцэтгэгч компани гэрээгээ хийсэн л бол аюулгүй байдлыг сайтар хангах ёстой. Уурхай хагас цэрэгжилтийн байдлаар явдаг болохоор хүүхэд авчирна гэж яагаад ч байж болохгүй. Бүр хатуу хориглодог.  Манай компани хариуцлагаа хүлээж шаардлагатай бүх арга хэмжээг аваад явж байна. Хүүхдийг амьд гаргах л чухал байна.

Заамар сумын засаг дарга:
Надад өчигдөр 14 цагт мэдэгдсэн. Сонсоод сумын онцгой комиссын нарийн бичгийн дарга болон холбогдох хүмүүсээ аваад ирсэн. Редвулкан компанийн лицензтэй хамааралтай талбай. Манай суманд 10 гаруй уул уурхай үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо баг, сум, аймаг, улсын хэмжээд бүх л шатны байгууллага хамтран аврах ажиллагааг үргэлжлүүлээд 30 гаруй цаг болж байна.
Сумын хэмжээнд хүн хүч бага учраас бүх чиглэлд хүрч ажиллаж чадахгүй, мэдээлэл дутуу байхыг үгүйсгэхгүй.

Охины өвөө:
Уурхайд гомдол байхгүй ээ, чадах бүхнээ хийж байна. Онцгой байдлын албанд гомдолтой байна.
Уул уурхайн 35 метр нарийн нүхэнд унасан. Багажгүй хүн бол авна гэж байхгүй. Ямар ч байсан гаргаж өгөх л байлгүй, өчигдөр бүрэнхий болж байхад л унасан гэсэн одоо хүртэл гарч ирээгүй л байна. Аврагчид цүнхийг нь гаргаж өгсөн гэсэн. Жижигхэн хөөрхөн бамбарууштай цүнх үүрч явдаг. Тэр нь урдаа түгжээгүй байсан. Түгжээндээ тээглээд зөөлөн унасан гэлтэй.
Биднийг яагаад ч ойртуулахгүй байсан. Аав, ээж, эмээ, өвөөтэй нь ч уулзуулахгүй, цоохор тор татчихаад “цаашаа, цаашаа” гээд байна.

Одоо залуучуудын амьдрал ямар байгааг хэн бүхэн л мэдэж байгаа. Ямар сайндаа л нялх үрээ чирээд уурхай дээр ирж байх вэ. Хоолтой л хонох гээд үзэж яваа. Хүүхдээ ирээд авахын хооронд л ийм зүйл болчихлоо.

Багийн эмч:
Хүүхэд унаснаас хойш 35 цаг өнгөрч байна. Хүүхэд 35 метрийн гүнд байгаа гэсэн мэдээлэл байна. Бид анх дуудлага хүлээж аваад шууд бэлэн байдалд ирсэн. Энд 4 их эмч, 2 сувилагч, жолоочтойгоо бэлэн байдалд ажиллаж байна. Бид хүүхдийг ямар ч бэлэн байдалд гарч ирсэн, яаралтай тусламжаа үзүүлэхэд бэлдчихээд хүлээж байна. Охин ямар байдал гарч ирэхийг тааж хэлшгүй л байна.
Тэр доор мэдээж хүйтэн, шаварлаг, нойтон хэсэг дээр байгаа. Цаг хугацаа хойшлох тусам тухайн охины амь аврагдах боломж хүндрээд байна гэж ойлгож болно. Одоогоор амьдын шинж тэмдэг илрэхгүй байна. Гэхдээ бид хүүхдийг гарч ирсэн хойно үнэлгээ хийж хариу хэлэх боломжтой. Нөхцөл байдал маш хүнд байна.

Охины үеэл эгч:
Аав ээж нь хангалттай өөрсдийгөө буруутгаж байгаа болохоор сошиалаар нэмж битгий хэмлээрэй гэж хүсье. Бид итгэл найдвар тавьж хүлээж байсан нь өчигдөр өглөө албан ёсоор онцгой байдлын эмч зүрхний цохилт нь байхгүй болсныг хэлэхэд талаар болсон. Гэхдээ яадаг ч байсан гаргаж авна гээд ажиллаж байна. Аврах ажиллагааны хүн хүч, тоног төхөөрөмж бүгд уурхайгаас гарч байна. Онцгойгийнхон багаж хэрэгсэл, ядаж метр ч байхгүй гар нүцгэн ирлээ. Ажилчдад нь ч ямар буруу байх вэ. Төр засаг анхаарч тоног төхөөрөмжтой болгож өгөөч ээ л гэж хэлье.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10