Dark Light
Нийгэм | 2026-06-28

ХҮРЭЭ ЦАМ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хүрээ цам бол үеэс үед өвлөгдөн ирсэн шашин, соёл, урлагийн гайхамшигт өв бөгөөд бурхны шашны гүн ухааныг хөдөлгөөн, хөгжим, дүрслэлээр амилуулсан ёслол юм. 
 
Хүрээ цамын талбай
Цамын талбайг ариутган төв хэсэгт нь цагаан шохойгоор бие биедээ багтсан долоон давхар дугуй гортиг татна. Түүний гадуур дөрвөлжин тиг татна. Дугуй тигүүдийг багтангуудын тиг, шанагуудын тиг, цамын ноёны тиг, жахар сорын тиг, хоосон тиг хэмээн ангилна.  
Хамгийн гадна талын дөрвөлжин тигийн дагуу ертөнцийн дөрвөн гол зүг, завсрын дөрвөн зүг, дээд доод зүг тэргүүнтэн нийт 15 зүгийг сахигч нар өөр өөрсдийн зүгийн өнгийн адил туг хиарыг барин зогсоод зүг зүгийн элдвийн муу зүйлээс сахин хамгаална. 
Цамын гортигуудын төв хэсэгт асар татаад түүний доор жахар, сор зэргийг залан байрлуулна.       
 
Хүрээ цам
Очирваань, Сэндом хоёрын дүрт цам нь эдгээр бурхдын  омог байдал шилжээд өөр өөрсдийн тарнийг уншаад цамын гортигийн үүдэнд заларч байна.
 
Очирваань бурхан
Таван үзүүрт очрыг баруун мутраар далайн
Таван зүйлийн хорыг үлдээлгүй даран зохиогч 
Таван их билиг билгүүнийг үйл явдлыг гүйцээсэн
Тангарагт нууцын эзэн Очир баригч дор мөргөмүй.
Очирваань нь бурхан багшийн үед бодисадвагийн дүрээр амьтны тусыг бүтээж байсан бөгөөд мөн нууц тарнийн хамгийн дээд ёсны ядам бурхан ажээ. 
Очирваань Монгол орныг даасан бурхан төдийгүй Чингис хаан хийгээд түүнийг залгамжлагч хаадыг Очирваань Бурханы хувилгаан ч гэж үздэг ёсон бий. Бурхан багшийн нирваан дүрийг үзүүлсний дараа жил нь их хөлгөний сав аймгийн номыг Очирваань, Манзушир, Майдар, Самандабадра, Одсүрэн зэрэг бодисадва нар эмхэтгэн хураасан гэдэг.
Эдгээрийн дундаас Очирваань нь нууц тарнийн ёсны аймаг савыг хураасан болно. Хожим Энэтхэг оронд их хөлгөний шашин дахин дэлгэрэхэд жүд дамжлагыг нь буцаан өгөн соёрхсон гэдэг. 
Арван хангал буюу арван догшдын дундаас Очирваань нь хүч чадлаараа хамгийн хүчирхэг нэгэн. Биеийн өнгө нь хар хөх, нэг нигуур , хоёр мутартай ба таван хор буюу шунал, уур, мунхаг, омог, атааг үлдээлгүй дарах хүчийг бэлгэдэлт таван үзүүрт очрыг баруун мутраар далайсан, тэнгэрийн найман аймгийг хоцроолгүй даран зохиохыг бэлгэдэж зүүн мутраараа зүрхний тушаа занан зангасан, амаа ангайж хилэгнэн дөрвөн шумнасын аймгийг номхотгогч  дөрвөн цагаан соёогоо зөрүүлсэн, одоо ирээдүй өнгөрсөн гурван цагийн амьтан бүгдийг үргэлж болгоогч, гурван хор буюу мунхаг, шунал,уурыг шатаан үйлдэгч гурван мэлмийгээрээ ширтэн хялайсан, гурван сансрын орныг эрхэндээ хураахыг бэлгэдсэн улбар шар үсээ гялалзуулан босгосон, шумнас мангасыг сүрдүүлэн айлгахаар биеийн доод хэсэгт барын арьсан хормогчийг өмссөн, зүүн өлмийгөө хумиад баруун өлмийгөө жийсэн  түүгээрээ дайсан тотгорыг дарсан, орчлонгийн нисваанис, зовлонгийн далайг ширгээн хатаахын тулд биеэсээ машид халуун галыг бадраан цацруулсан байдаг. 
Түүний тарни аваас “Ум базар вани хум пад” болой.
Очирваань Бурханы цамналт нь сансар ертөнцийн омогтныг сүр хүчээр дарж, зүгийн лус найман аймгийг эрхэндээ хураан үйлдэж, барчид саад, шимнусын муу үйлийг нам дарж байгаа болно.
 
Сэндон бурхан
Торолтгүй огторгуйг эдлэгчийн энгүй дээд оронд 
Тодорхой илт мэдэл, рид хувилгааныг эрхшээсэн хүчит 
Бүтээлч бясгалгаачийг хүүгээ асрагч эх мэт болгоогч
Бүхий гурван орны дагинасын эрхэм танд мөргөмүй
Сэндом бурхны цамналт гадаадын хараад зүхэл, тухирлага сэлтийг буталган дарж байгаа юм.
Билэг билгүүний дагина Сэндом бурхан нь арслан хоншоортой, лагшингийн  өнгө хөх, нэг нигуур, хоёр мутартай, баруун мутартаа нарны хот мандал,зүүн мутартаа сарны хот мандал барьсан, баруун өлмийгөө хумьсан, зүүнээ сунгасан байдлаар билэг билгүүний гал бадарсны дунд оршино. Сэндом бурхан нь уурласан муу сэтгэл, хорт сэтгэл, хараал зүхэл, хатуу ширүүн муу үйлийг бүгдийг буцаан зайлуулдаг.

Эх сурвалж | Гандантэгчэнлин хийд
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16