Dark Light
Нийгэм | 2026-07-14

ХАЛХ ГОЛ ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНГ ДАВЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Цаг уур, орчны шинжилгээний газар, сав газрын захиргаа зэрэг нийт 28 байгууллагаас ирүүлсэн 2026 оны долдугаар сарын 14-ний өдрийн 13:00–17:30 цагийн мэдээгээр улсын хэмжээнд зарим гол мөрний усны түвшин өндөр хэвээр байна.

Нийт 117 усны харуулын ажиглалтаас 56 харуулд голын усны түвшин хэвийн хэмжээнд бүртгэгдсэн бол 49 харуулд олон жилийн дундаж түвшнээс давсан үзүүлэлттэй байна. Мөн 11 харуулд үерийн түвшинг давсан бол Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн нутаг дахь Халх гол үерийн аюултай түвшинг давж, онцгой анхаарал шаардсан нөхцөл байдал үүсээд байна.

Цаг агаарын урьдчилсан төлөвөөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Харин бусад нутгаар хур тунадас орохгүй.

Мэргэжлийн байгууллагууд аадар борооны улмаас гол, мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, уулын ам, жалга, сайраар уруйн үер буух эрсдэл өндөр байгааг анхааруулж байна. Иймд үерийн эрсдэлтэй бүсэд зорчихгүй байх, голын эрэг дагуу отоглохгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, цаг агаар болон усны түвшний сэрэмжлүүлгийг тогтмол авч, аюулгүй байдлаа хангахыг иргэд, аялагчид, малчдад зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16