Dark Light
Нийгэм | 2026-08-18

ШАТАХУУНЫ ХАНГАМЖ, ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
Зам, тээврийн салбарын цаг үеийн чухал асуудлуудыг хэлэлцэх сайдын шуурхай хуралдаан өнөөдөр (2026.08.18) болж, харьяа байгууллагын удирдлагуудад шатахууны хангамжид анхаарах, өвөлжилтийн бэлтгэл хангах, тээврийн аюулгүй байдалд анхаарч ажиллах, томоохон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой үүрэг, даалгавруудыг өглөө.
 
ШАТАХУУНЫ ТЭЭВРИЙГ ХИЛ, ГААЛЬ БОЛОН ӨРТӨӨНҮҮДЭЭР СААТАЛГҮЙ НЭВТРҮҮЛЭХЭД АНХААРНА
 
Хуралдаанаар байгууллага тус бүр шатахууны хүрэлцээ, хангамж, нөөц бүрдүүлэлтэд онцгой анхаарч ажиллахыг нийт удирдлагуудад санууллаа. Тэр дундаа Иргэний нисэхийн ерөнхий газар, “МИАТ” ТӨХК болон тээврийн салбарын холбогдох байгууллагууд шатахууны нөөц, тасралтгүй ажиллагааг хангахад шаардлагатай зохицуулалтыг урьдчилан хийж ажиллахыг санууллаа.
 
Мөн улсын хэмжээнд тээврийн салбарын хэвийн үйл ажиллагааг доголдуулахгүй байх зорилгоор шатахуун, нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хил, гааль болон төмөр замын өртөөнүүдээр сааталгүй, богино хугацаанд нэвтрүүлж ажиллахыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-д чиглэл өглөө. Мөн шатахууны тээвэрлэлтийн нөхцөл байдал, аюулгүй найдвартай үйл ажиллагааг өндөр түвшинд хангаж ажиллахыг онцгойлон анхаарууллаа.
 
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРТ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ БҮРЭН ХАНГАЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
 
Шуурхай хуралдаанаар мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хугацаа алдалгүй хангаж, тээврийн салбарын хэвийн ажиллагааг өвлийн нөхцөлд тасралтгүй үргэлжлүүлэхэд анхаарч ажиллахыг нийт байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо. Энэ хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудад өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангахын зэрэгцээ дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр тасралтгүй хангах, эрчим хүчний нүүрсний тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд шаардлагатай вагон зохицуулалтыг шуурхай хийж ажиллах чиглэл өгөв.
 
Мөн ЗТЯ-ны Автозамын газар болон “АЗЗА” нэгтгэлийн удирдлагуудад улсын болон олон улсын чанартай авто замын өвөлжилтийн бэлэн байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо. Тухайлбал, замын халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэх бодис, давсны нөөцийг бүрдүүлэх, зам арчлалтын техник хэрэгслийг бэлэн байдалд оруулах, зам, гүүрийн засвар, арчлалтын ажлыг хугацаанд нь дуусгах чиглэл өглөө.
 
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРТ ХҮҮХДИЙГ АЮУЛГҮЙ НАЙДВАРТАЙ ТЭЭВЭРЛЭХ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД АНХААРЧ АЖИЛЛАНА
 
Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байгаатай холбогдуулан хүүхдийг зам, тээврийн осол, эрсдэлээс хамгаалах, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд холбогдох байгууллагууд хамтран ажиллах шаардлагатайг онцоллоо.
 
Засгийн газрын хуралдаанаар Замын хөдөлгөөний үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг дахин байгуулсантай холбогдуулан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллаж, иргэд, олон нийтэд зориулсан зөвлөмж, сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол хүргэхийг үүрэг болголоо.
 
 
ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД БИЕЧЛЭН ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАХЫГ САНУУЛАВ
 
Төмөр замын байгууллагуудад Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон төсөл, бүтээн байгуулалтын явц, нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг анхаарууллаа. Тэр дундаа Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын ажилд зураг төслийн мэргэжилтэн, инженерүүдийн хамт төслийн талбайд биечлэн очиж, бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцан, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх чиглэлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д өглөө.
 
Хэрэв зураг төсөлд алдаа гаргасан бол төлбөр тооцоог олгохгүй байх, гүүр хоолой, нүхэн гарц хийх үед зураг төслөөс үүдэлтэй үр ашиггүй зардал гаргахгүй байх, ажлын гүйцэтгэлтэй холбоотой үндэслэлгүй нэмэлт зардал үүсгэхгүй байхыг хатуу анхаарууллаа.
 
COP17 ХУРАЛ ДЭЭР АЖИЛЛАХ АЛБА ХААГЧИД ҮНДСЭН АЖЛЫГ ЦАЛГАРДУУЛАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА
 
COP17 бага хурал эхэлсэнтэй холбогдуулан Зам, тээврийн яамны газар, хэлтсийн дарга нар ажлын байраа орхигдуулах, төрийн байгууллагын үндсэн чиг үүргийн ажлаа цалгардуулахгүй байхыг санууллаа. Хурал, арга хэмжээнд оролцох шаардлагатай тохиолдолд тухайн газар, хэлтсийн ажлыг тасалдуулахгүйгээр зохион байгуулж, шаардлагатай үед орлон ажиллах хүнийг томилж, ажлын уялдаа холбоог хангаж ажиллахыг үүрэг болголоо.
 
Мөн салбарын сайд болон ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад урьдчилан мэдээлж, зөвлөлдөхгүйгээр гадаад, дотоодын томилолтод явж, ажил үүргээ орхигдуулахгүй байхыг анхааруулав.
 
ТӨСВИЙН ҮР АШИГ, ХЭМНЭЛТИЙН ЗАРЧМЫГ БҮХ ТҮВШИНД МӨРДӨНӨ
 
Засгийн газар ирэх оны төсвийн төслийг боловсруулах болон төсвийн одоогийн хэрэгжилтийг зохицуулахдаа төрийн үр ашиггүй урсгал зардлыг бууруулах, хэмнэлтийн хатуу горимд шилжих бодлого баримталж байгааг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан шуурхай хуралдааны үеэр онцоллоо.
 
Иймд харьяа байгууллагуудын удирдлага, Зам, тээврийн яамны газар, хэлтсийн дарга нар төсөв хэлэлцэж буй энэ үед салбарын сайдад танилцуулах, зөвлөлдөх шаардлагатай асуудал байвал цаг алдалгүй уулзаж, санал, байр сууриа танилцуулахыг үүрэг болгов.
 
Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанд харьяа байгууллагын удирдлагууд 98 хувийн ирцтэй оролцож, өдөр тутмын үйл ажиллагаа болон өмнөх үүрэг даалгаврын биелэлтээ танилцуулан, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх тодорхой чиг үүргийг авав.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00