Dark Light
Нийгэм | 2026-11-06

ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА ЛАМ ЧЕХИЙН ТУСГАЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Гандантэгчэнлин хийд

Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, хамба номун хан, лхаарамба Дуламрагчаагийн Жавзандорж 2026 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Роберт Ржехакийг хүлээн авч уулзсан байна.

Уулзалтын эхэнд Элчин сайд Роберт Ржехак Чех Улсын Гадаад хэргийн яам байрладаг түүхэн Черниний ордныг танилцуулжээ. Мөн тэрээр өөрийн тэргүүлэн ажиллаж буй Шашин шүтэх эрх чөлөөний олон улсын эвслийн үйл ажиллагааны чиглэл болон тус эвслийн хүрээнд 2026 онд зохион байгуулахаар төлөвлөж буй өндөр түвшний бага хурлын бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна.

Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж өнөөгийн олон улсын ээдрээтэй нөхцөл байдалд шашин хоорондын харилцан ойлголцол, нээлттэй яриа хэлэлцээ нь дэлхий дахины энх тайван, хүн төрөлхтний эв нэгдлийг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтойг тэмдэглэлээ. Түүнчлэн энэхүү чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг шат ахиулан өргөжүүлж, идэвхтэй хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Уулзалтын төгсгөлд талууд шашин хоорондын эв найрамдал, харилцан ойлголцлыг тууштай дэмжих, улс орнуудын соёлын солилцоог өргөжүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллах боломжуудын талаар ажил хэрэгчээр санал солилцжээ.

Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, доктор Роберт Ржехак (Robert Řehák) нь олон улсын дипломат тавцанд шашин шүтэх эрх чөлөөг хамгаалах, шашин хоорондын яриа хэлэлцээг дэмжих чиглэлээр мэргэшсэн Чехийн нэртэй карьер дипломат, эрдэмтэн хүн юм. Элчин сайд Роберт Ржехак нь Христийн шашны теологийн гүнзгий боловсролтой хүн бөгөөд түүний амьдрал, үзэл баримтлалд шашны итгэл үнэмшил нь маш чухал байр суурь эзэлдэг. Тэрээр Прага хотын Карлын их сургууль, ХБНГУ-ын Хайдельбергийн их сургууль болон Израилийн Иерусалим дахь Еврей их сургуульд теологи (шашин судлал), библийн нэр томьёо болон социологийн чиглэлээр суралцаж, докторын (Ph.D.) зэрэг хамгаалсан ажээ. Тэрээр Библийн эртний гар бичмэлүүд болон "Сөнөсөн тэнгисийн хуйлмал бичээсүүд"-ийг судалдаг хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн юм. Мөн еврей (хэбрей) хэлийг төгс эзэмшсэн бөгөөд Чех улсын албан ёсны еврей хэлний орчуулагчаар ажилладаг нэгэн.

Роберт Ржехак нь өөрийн эрдэм шинжилгээний болон дипломат ажлынхаа хүрээнд Христ болон Еврей (Иудаизм) шашин хоорондын харилцан ойлголцлыг бүхий л талаар дэмжиж ирсэн. Тэрээр Чехийн Шинжлэх ухааны академийн дэргэдэх Библи судлалын төвийн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байснаас гадна Чехийн Христ ба Еврейчүүдийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан түүхтэй. 

Роберт Ржехак нэгэн ярилцлагадаа: "Бид маш тодорхойгүй, ээдрээтэй цаг үед амьдарч байна. Шашин бол улс орнуудад энх тайван, тогтвортой байдлыг авчирч чадах туйлын эерэг хүч юм. Дипломатууд шашнаас зугтах биш, харин түүнийг яриа хэлэлцээ хийх, зөрчлөөс сэргийлэх гүүр болгон ашиглах хэрэгтэй" хэмээн тэмдэглэж байжээ 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08