Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд Стандарт, хэмжил зүйн газраас төрийн зарим үйл ажиллагааг мэргэжлийн болон хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, давхцалыг арилгах ажлыг эхлүүлээд байгаа. Дээрх ажлын хүрээнд Стандарт, хэмжил зүйн газрын дарга Х.Батжаргал өнөөдөр Монголын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч С.Баясгалан, менежер Д.Ганбаатар нартай уулзлаа.
Уулзалтаар стандартын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, жуулчдад үйлчилгээ үзүүлж байгаа компаниудын үйл ажиллагааг стандартад нийцүүлэх, технологийн хөгжил, хиймэл оюун ухаан ашиглаж, хүн хоорондын харилцааны асуудлыг хөнгөвчлөх цогц эко системийг бүрдүүлэх талаар Монголын Аялал жуулчлалын холбооны саналыг зөвлөлдлөө.
Улмаар аялал жуулчлалын салбарын техникийн хороог шинэчилж, мэргэжлийн холбоонд хариуцуулж иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг стандартад нийцүүлснээр зах зээлийн зарчмаар өрсөлдөх чадвар нь эрэмбэлэгдэж, стандартгүй үйл ажиллагаа явуулах боломжгүй болно гэдгийг Стандарт, хэмжил зүйн газрын дарга Х.Батжаргал онцоллоо.
Энэхүү уулзалтын мөрөөр салбарын бүхий л оролцогч талуудын уулзалт хэлэлцүүлэг, хүний нөөцийн хөгжил, сургалтын асуудлыг мэргэжлийн холбоотой хамтран зохион байгуулахаар тогтлоо.
Аялал жуулчлал бол Монгол Улсын түүх, соёл, байгаль, газар зүйн байрлал, хүн ам гэх мэт олон талын онцлог, хамтын ажиллагаанд суурилж хөгждөг бизнес бөгөөд цаашилбал Монгол болон гадаад иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал шууд хамаардаг салбар билээ.
АДМИН







Нийгэм





