Dark Light
Нийгэм | 2026-09-09

ӨВЛИЙГ ӨНТЭЙ ӨНГӨРӨӨХ БЭЛТГЭЛ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image
 
Нийслэлийн хэмжээнд айсуй өвлийн бэлтгэл ажлыг хангах, гэр хорооллын айл өрхүүдийг түлшээр таслахгүй байх болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй цогц арга хэмжээний талаар Нийслэлийн ЗДТГ-аас албан ёсны мэдээлэл хийлээ.
 
Энэ жилийн халаалтын улирал 9 дүгээр сарын 15-ны өдрөөс албан ёсоор эхэлнэ. Одоогийн байдлаар төлөвлөгөөний дагуу өдөрт 1400 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж байна. Энэ өвөл нийт 450 гаруй цэгээр хагас коксон түлшийг худалдаалахаар бэлтгэл хангаад байгаа аж.
Мөн өнгөрсөн жил иргэдийн зүгээс гаргаж байсан "түлшний савлагаа 25 кг-даа хүрэхгүй байна", "борлуулах цэгүүд дээр нөөц дутагдаж байна" гэх гомдлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд түлшний нөөц, жин, борлуулалтыг "Хотула" аппликейшнаар дамжуулан цахим хувилбараар хянаж, хариуцлагыг чангатгахаа нийслэлээс мэдэгдэв.
Манай улс нүүрсний арвин нөөцтэй хэдий ч хагас коксон түлш боловсруулах технологи одоогоор байхгүй тул энэ өвөл өнгөрсөн жилийн адил БНХАУ-аас хагас коксон нүүрсийг импортоор авч байна.
Гадагш урсаж буй зардлыг дотооддоо үлдээх зорилгоор Багануур дүүрэгт нүүрсний үйлдвэр барих түүхэн шийдвэрийг өнгөрсөн 8 дугаар сарын 6-ны өдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар (НИТХ) эцэслэн шийдвэрлээд байгаа. Тус үйлдвэрийг 2028 оны хавар гэхэд эхний түлшээ үйлдвэрээс гаргах төлөвлөгөөтэйгөөр эрчимтэй ажиллуулж байна.
Түүнчлэн энэ өвөл гэр хорооллын 5000 айл өрхийг хийн түлшид шилжүүлж байна. Хэрэглэгчдийн аюулгүй байдал, тав тухыг бүрэн хангаж, уг төсөл амжилттай хэрэгжвэл ирэх жил хийн түлш хэрэглэх өрхийн тоог 2-3 дахин нэмэгдүүлнэ.
Дашрамд дурдахад нийслэл хотод эдүгээ сэргээгдэх эрчим хүчээр дулаанаа шийдсэн 460 айл өрх байгаа юм. Уур амьсгалын өөрчлөлтийн COP 17 дээд хэмжээний уулзалтын үеэр БНСУ-ын "GGI" компанитай айл өрхүүдийн дулааныг сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэх төсөл дээр хамтран ажиллахаар тохиролцсон. Үүний үр дүнд 250 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар талууд бэлтгэл хангаж байна.
Нийслэлийн удирдлагуудын зүгээс агаарын бохирдлыг шат дараатай бууруулах, эрчим хүчний олон талт эх үүсвэрийг нэвтрүүлэх урт болон дунд хугацааны стратегийг ийнхүү шат дараатай хэрэгжүүлж байгаа гэлээ.
 

Эх сурвалж | НЗДТГ-ЫН ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Б.ПҮРЭВДАГВА
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19