2027 онд эхний 8000 айл шинэ байрандаа орох хүлээлттэй байгаа.
Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах хамгийн том амлалт, хүлээлт үүсгэсэн төсөл бол Сэлбэ дэд төв юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар тус дэд төвийн гүйцэтгэлийн ажил 30-40 хувьтай үргэлжилж байна. Энэхүү мега төсөл хэрхэн урагшилж байгаа болон иргэдийн хамгийн их сонирхож буй орон сууцны үнийн талаарх гол мэдээллүүдийг багцлан хүргэе.
Хотын удирдлагуудын зүгээс бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, 2027 он гэхэд 8000 орчим орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Үүний дараагийн шат буюу 2028 он гэхэд оршин суугчдын тав тухыг хангах нийгмийн байгууламжууд болох худалдаа үйлчилгээний талбай, оффисуудыг барьж дуусгахаар графикийг гаргажээ.
Гэхдээ төслийн явц төлөвлөсөн графикаас бага зэрэг цаг хугацаа алдаж байгаа тул ажлыг шахах, нэмэлт санхүүжилтийг яаралтай шийдвэрлэх шаардлага үүсээд байна.
Сэлбэ дэд төвийг босгож буй бондын эргэн төлөлтийг тэнд ашиглалтад орох 8500 гаруй орон сууцны борлуулалтын орлогоор хаахаар тооцжээ. Иргэдийн дунд "Шинэ байрнуудын мкв-ын үнэ хэд байх бол?" гэсэн асуулт хамгийн өндөр хүлээлттэй байгаа юм. Хотын даргын мэдээлсэн хувиар, өнөөдрийн байдлаар Сэлбэ дэд төв орчмын орон сууцнуудын мкв-ын дундаж ханш 3,700,000 - 3,900,000 төгрөг байгаа аж.
Цаашид ашиглалтад орох шинэ орон сууцнууд ч яг үүнтэй төстэй, зах зээлийн бодит ханшаар борлуулагдахыг тэрбээр тодотголоо.
Хотын дарга энэхүү бүтээн байгуулалтыг зүгээр нэг гэр хорооллыг барилгажуулах төсөл биш гэдгийг онцолсон юм. Тэрбээр, "Сэлбэ ухаалаг хот бол халамжийн хот биш. Энэ бол Монголд анх удаа хотын стандартыг ягштал баримтлан бүтээн байгуулж буй орчин үеийн томоохон төсөл" хэмээн мэдэгдлээ. Энэ нь тус дүүрэгт сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, дэд бүтэц гээд амьдрах таатай орчныг архитектурын зөв төлөвлөлт, стандартын дагуу цогцлооно гэсэн үг юм.
|
Эх сурвалж
| НЗДТГ-ЫН ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Б.ПҮРЭВДАГВА
|
Г.ГАНЦЭЦЭГ






Нийгэм




