Dark Light
Нийгэм | 2026-09-10

МОНГОЛ УЛС 100 САЯ ЕВРОГИЙН "НОГООН САНХҮҮЖИЛТ"-ИЙН ТҮНШЛЭЛИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | europa.eu
Ногоон ирээдүйн төлөөх түншлэл: Тэрбум мод, тогтвортой санхүүжилтийг ЕХ болон Монгол Улс COP17-оор баталгаажууллаа
 
Өнгөрсөн наймдугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) нь Европын Холбоо (ЕХ) болон Монгол Улсын хувьд газрын тогтвортой менежмент, ойг нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг хангах болон инновацын санхүүжилтийн чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх түүхэн талбар боллоо.
Европын Холбооны гишүүн орнууд COP17-д нэгдмэл байр сууриа илэрхийлэв

ЕХ-ны гишүүн орнууд цөлжилт болон ган гачиг зэрэг дэлхий нийтэд тулгарч буй нийтлэг сорилтуудыг онцолж, газар, биологийн олон ян байдал болон уур амьсгалын олон улсын үйл явц хоорондын уялдаа холбоог чангатгахыг уриалав. Хэлэлцээрийн туршид ЕХ нь олон талт үзэл, дипломат харилцаа болон зөвшилцлийг тууштай дэмжигч гэдгээ дахин баталсан юм.
 
Монгол Улс 100 сая еврогийн “Ногоон санхүүжилт”-ийн түншлэлийг эхлүүллээ

Энэхүү хурлын үеэр гарсан нэгэн чухал ололт нь наймдугаар сарын 24-ний өдөр Европын Хөрөнгө Оруулалтын Банк (ЕХОБ) болон Монгол Улсын Засгийн газар хооронд тогтвортой ойн аж ахуйг дэмжих зорилгоор 100 сая хүртэлх еврогийн санхүүжилт олгох боломжийг тусгасан Санамж бичигт гарын үсэг зурсан явдал байв. Уг санхүүжилт нь Монгол Улсын ой модыг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд чиглэхээс гадна жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх юм. Мөн үүн дээр нэмэгдэн ЕХ-ны зүгээс техник туслалцааны 10 сая еврог оролцуулаад нийт 19 сая хүртэлх еврогийн буцалтгүй тусламж болон баталгааны дэмжлэг үзүүлэхээр хүлээгдэж байна. (Энэхүү санхүүжилт нь ЕХОБ-ны дотоод үнэлгээ, хяналтын шатанд байгаа болно).
 
Энэхүү Санамж бичиг нь 2022 оноос эхлэлтэй ЕХ-Монголын Ойн түншлэл болон ЕХ-ны "Global Gateway" (Глобал гарц) хүрээнд байгуулагдсан дараа дараагийн хэлэлцээрүүдэд суурилсан байна.
 
 
Иргэний нийгмийн оролцоо

UNCCD болон UNFCCC-ийн уялдаа холбоог хангахад иргэний нийгмийн гүйцэтгэх үүргийн талаарх өндөр түвшний хэлэлцүүлэгт төр, иргэний нийгэм, малчдын бүлгүүд болон залуучуудын 120 гаруй төлөөлөгч оролцлоо. ЕХ-ны санхүүжилттэй "Twin Transition" төслийн хүрээнд хамтран зохион байгуулсан тус хэлэлцүүлгээр иргэний нийгмийн байгууллагууд дэлхийн хэмжээний амлалтууд болон орон нутгийн хэрэгжилтийг хэрхэн холбох гүүр болж болохыг хэлэлцэж, улмаар "Монголын иргэний нийгмийн хамтарсан нөлөөллийн мэдэгдэл"-ийг БОУАӨ-ний Дэд сайд Батбаярын Мөнхтамирт гардуулан өгснөөр өндөрлөв.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19