Dark Light
Нийгэм | 2026-09-10

БНВУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА МОНГОЛ ДАХЬ ВЬЕТНАМ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | VNA
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын (БНВУ) Үндэсний Ассамблейн (Парламентын) дарга Чан Тхань Ман Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд гэргий Нгуен Тхи Тхань Нгагийн хамт Улаанбаатар хотноо суугаа БНВУ-ын Элчин сайдын яамны ажилчид болон Монгол дахь вьетнам иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.
 
Уулзалтын эхэнд БНВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Нгуен Туан Тхань Монгол дахь вьетнам иргэдийн нөхцөл байдлыг танилцуулав. Тэрээр хэлэхдээ, Монгол дахь вьетнам иргэд орон нутгийн хууль тогтоомжийг чанд мөрдөж, эх орондоо элэгтэй, хоорондоо нягт холбоотой байдгийг онцолсон юм. Элчин сайдын яамны зүгээс иргэдийнхээ оршин суух зөвшөөрөл, эрх зүйн статус, консулын үйлчилгээ болон иргэдийг хамгаалах чиглэлд тогтмол дэмжлэг үзүүлж, Монголын орон нутгийн удирдлагуудтай нягт хамтран ажилладаг байна.
 
Уулзалтад оролцсон вьетнам иргэдийн төлөөлөл төр засгийнхаа зүгээс хилийн чанадад амьдарч буй иргэдийг дэмжих, тэдний мэдлэг чадвар, нөөц бололцоог улс орныхоо хөгжилд чиглүүлэх хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгохыг хүслээ. Мөн гадаадад төрж өсөж буй залуу үедээ вьетнам хэл, соёлыг өвлүүлэн үлдээхэд онцгой анхаарахыг санал болгов. Монгол шиг эх орноосоо алслагдсан, харьцангуй цөөн вьетнам иргэдтэй улсад залуу хойч үедээ түүх, соёлоо таниулах нь маш чухал гэдгийг тэд тэмдэглэлээ.
 
Парламентын дарга Чан Тхань Ман Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Ерөнхийлөгч То Лам, Ерөнхий сайд Лэ Минь Хынг нарын мэндийг Монголд ажиллаж, сурч, амьдарч буй элэг нэгтнүүддээ уламжлав.
 
Тэрээр Монгол, Вьетнамын харилцааны талаар хэлэхдээ:
  • Хамтын ажиллагааны нөөц бололцоо: Хоёр улс олон жилийн уламжлалт найрамдалт харилцаатай бөгөөд газар зүйн хувьд алслагдмал ч хамтын ажиллагааг өргөжүүлэх асар их боломж бий. ялангуяа агаарын болон төмөр замын тээврийн холболтыг сайжруулснаар иргэд хоорондын солилцоо, аялал жуулчлал, ачаа тээврийг нэмэгдүүлэх боломжтойг онцоллоо.
  • Худалдааны эргэлт: Хоёр улсын худалдааны эргэлт 2025 оны байдлаар 155 сая ам.долларт хүрсэн нь өмнөх жилүүдээс өссөн үзүүлэлт боловч хоёр орны улс төрийн харилцааны түвшин болон бодит нөөц бололцооноос доогуур хэвээр байна. Цаашид малын хорио цээр, хүнсний аюулгүй байдлын асуудлуудыг шийдвэрлэж, худалдааны нэр төрлийг олшруулах шаардлагатайг тэмдэглэв.
  • Иргэдээ дэмжих бодлого: Вьетнамын төр засаг хилийн чанад дахь иргэдээ улс орныхоо хөгжлийн салшгүй нэг хэсэг, дэлхийн улс орнуудтай холбох гүүр гэж үздэг. Монгол Улсын цаг уурын хатуу ширүүн нөхцөлд амьдран сууж, бизнес эрхэлж, суралцаж буй иргэдээ улам бүр эв нэгдэлтэй байж, орон нутгийн хуулийг дээдлэн, Монголын нийгэмд сайн уусаж ажиллахыг уриалав.
Төгсгөлд нь Парламентын дарга дагалдан яваа яам, агентлагуудын төлөөлөгчдөд хоёр улсын дээд хэмжээний хэлэлцээрүүдийг бодит ажил болгох, худалдааг нэмэгдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн ажиллахыг үүрэг болгосноос гадна Элчин сайдын яаманд хандан иргэдээ мэдээ мэдээллээр тогтмол хангаж, соёлын өв соёл, хэлийг хадгалахад нь дэмжлэг үзүүлэхийг даалгалаа.
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19