Dark Light
Нийгэм | 2026-09-11

ДЭЛХИЙН АНХНЫ МОНГОЛ ЦАРСАН ТОРХОНД ДАРСАН ВИСКИ ХУДАЛДААНД ГАРЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Архины үйлдвэрлэлийн мастер Билли Уокер (гэрэл зургийг GlenAllachie)
Шотландын алдарт “GlenAllachie” виски нэрэх үйлдвэр дэлхийд анх удаа Монгол царс модон торхонд дарсан ховор вискигээ олон улсын зах зээлд албан ёсоор худалдаанд гаргаснаа зарлалааУг ховор ундааг вискиний мастер Билли Уокер нэрсэн бөгөөд Монголын онгон байгалийн царс модны хатуу ширүүн, өвөрмөц шинж чанарыг Шотланд вискиний уламжлалт амттай төгс хослуулж чаджээ.
 
Шотланд виски Монгол царстай “уулзлаа”: Дэлхийн анхны Монгол царсан торхонд дарсан виски худалдаанд гарлаа
 
Шотландын Спейсайд бүс нутгийн алдарт “The GlenAllachie” нэрэх үйлдвэр дэлхийн вискиний түүхэнд шинэ хуудас нээж, Монгол онгон царс модон (Mongolian virgin oak) торхонд дарж бэлэн болгосон анхны Шотланд вискиг олон улсын зах зээлд албан ёсоор танилцуулсан байна.
 
Тус үйлдвэрийн туршилтын “Sinteis Series” цувралын дөрөв дэх нь болох энэхүү 10 настай нэг соёолжын (single malt) виски нь Монгол царсыг ашиглан дэлхий даяар нийтэд зориулан гаргаж буй хамгийн анхны хатуу умдаан болж байна.
 
100 гаруй жилийн настай Монгол царс модны нууц
 
Вискиг дарахад ашигласан Монгол царс нь шинжлэх ухааны нэршлээрээ Quercus mongolica хэмээх маш шигүү, чанга ширхэгтэй бүтэцтэй модоор хийгдсэн бөгөөд ундааг боловсруулахад маш хүнд, амаргүй модонд тооцогддог байна. Уг модны олон улсын нийлүүлэлт маш ховор бөгөөд зөвхөн байгалийн жамаараа унасан, 100-аас дээш жил ургасан модыг л үйлдвэрлэлд ашиглах зөвшөөрөлтэй байдаг аж. “GlenAllachie”-ийн мэдээлснээр, Монгол царс нь вискинд бурмын баян амт, анхилуун зандан мод болон дорнын нууцлаг хүжийн тансаг үнэрийг шингээж, урьд өмнө хэний ч амталж байгаагүй давтагдашгүй өвөрмөц зохиролыг бий болгосон гэнэ.
 
“Гурван түүх, Нэгэн гайхамшиг”
 
“Sinteis Part IV” нэртэй энэхүү хязгаарлагдмал тоотой бүтээгдэхүүн нь бурбон (Bourbon), Педро Хименес (Pedro Ximénez) болон Олоросо (Oloroso) гэсэн гурван өөр төрлийн торхны хослолоос бүрдсэн бөгөөд хамгийн сүүлийн шатанд Монгол онгон царс модны торхонд шилжүүлэн эцсийн амтыг гаргажээ. Тус виски нь ямар нэгэн нэмэлт будагч бодисгүй (байгалийн өнгөөрөө) ба хүйтэн шүүлтүүр хийгээгүй бөгөөд торхноос шууд савласан 58.5%-ийн хатуулагтай (cask strength) бүтээгдэхүүн юм. Үүнээс хар шоколад, жимсний цэцэрлэг болон цайны боовны амт мэдрэгдэхээс гадна инжрийн чанамал, какао, шанцай, цагаан гаа, ванилийн ноотууд хосолсон гэж нэрэгч эрхэм баталж байгаа юм.
 
Сав баглаа боодол дахь Монгол соёл
 
Бүтээгдэхүүний соёл, түүхийг тодотгох үүднээс шилний гаднах хайрцаг, шошгон дээр Quercus mongolica буюу Монгол царс модны навчийг гараар зурж дүрсэлсэн байна. Түүнчлэн Монголын уламжлалт хээ угалз болох “урт насны билэгдэл” буюу түмэн өлзий хээгээр хүрээлж, мод, виски болон цаг хугацааны салшгүй нарийн холбоог бэлгэджээ.
 
 
 
Мастер виски нэрэгч Билли Уокерын сэтгэгдэл:
“Монгол царс мод маш ховор бөгөөд хүлээцтэй занг шаарддаг хатуу чанга чанартай тул энэ төсөл бидний хувьд том сорилт, адал явдал байлаа. Бидэнд урьд өмнөх туршлага, жишиг гэх зүйл бараг байгаагүй. Тиймээс манай баг өөрсдийн зөн совин, олон жилийн туршлагадаа найдаж ажилласан бөгөөд гаргаж авсан вискигээрээ би туйлын их бахархаж байна.”
Худалдаа ба Үнэ
 
Энэхүү хязгаарлагдмал цуврал нь одоогоор Их Британид болон тус нэрэх үйлдвэрийн цахим хуудсаар 75.99 фунт стерлингээр (ойролцоогоор 330,000 гаруй төгрөг) зарагдаж эхэлсэн бөгөөд ирэх долоо хоногуудаас дэлхийн өнцөг булан бүрт албан ёсоор түгээгдэж эхлэх юм байна.
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19