Гэр хорооллын хаягжилт цэгцэрнэ
Нийслэлийн гэр хорооллын гудамж, байшингууд БНСУ-ын жишгээр шинэчлэгдсэн, ухаалаг хаягжилтын системтэй болох түүхэн ажил албан ёсоор хэрэгжилтийн шатандаа орлоо. БНСУ-ын Засгийн газар өөрийн орны гудамжны хаяг, нэршлийн дэвшилтэт системийг хилийн чанадад анх удаа Монгол Улсад ийнхүү нутагшуулж байна.
11 тэрбум воны төсөл ба Чингэлтэйн гэр хороолол
БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамнаас мэдээлснээр, Койка (KOICA) олон улсын хамтын ажиллагааны байгууллагын 11 тэрбум вон буюу 8.2 сая ам.долларын албан ёсны хөгжлийн тусламжаар (ODA) санхүүжих уг төсөл 2029 он хүртэл үргэлжлэх юм. Төслийн нээлтийн хүрээнд хамгийн анхны Солонгос маягийн гудамжны нэр, байшингийн дугаар бүхий тэмдэглэгээнүүдийг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гэр хорооллын “Нарлаг”-ийн 24 дүгээр гудамжинд байршуулж эхэлжээ.
Хаягжилтын шинэ систем хэрхэн ажиллах вэ?
Шинэ системийн дагуу:
- Гудамжны дагуух хаягийн дугаарлалтыг 20 метр тутамд олгоно.
- Замын зүүн талд сондгой, баруун талд тэгш дугаартай хаяг байршина.
- Ердийн гудамжны хаяг байхгүй задгай газруудад байгаа гэр, хашаа, газар болон үл хөдлөх хөрөнгөд координат дээр суурилсан сүлжээ хаягийн код буюу торлосон системийн байршлын код (grid-based location codes) олгохоор ажиллаж байна.
Төрийн цахим үйлчилгээ ба Хүргэлтийн хувьсгал
БНСУ-ын Дотоод хэргийн дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд Монголд ажиллаж, төслийн явцтай танилцаж байна. Тэрээр Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Баттөмөрийн Энхбаяртай уулзаж, хаягийн мэдээллийн хууль эрх зүйн орчин, цахим шилжилт болон хаягийн өгөгдлийг цахим засаглал, гамшгаас хамгаалах, логистик (хүргэлт)-ийн салбарт хэрхэн ашиглах талаар хэлэлцэж байгаа юм. Дэд сайд Ким Мин Жэ "Хаягийн мэдээлэл бол иргэдийн өдөр тутмын амьдрал, аюулгүй байдал, төрийн үйлчилгээг холбодог улс орны дэд бүтцийн амин чухал хэсэг юм" хэмээн онцолжээ.
Монгол Улсын Засгийн газар болон БНСУ 2024 оны 9 дүгээр сард Хаягийн системийг хөгжүүлэх санамж бичиг зурж байсан бөгөөд тухайн үед Сөүлийн гудамжинд анхны Солонгос маягийн гудамжны тэмдэглэгээг байрлуулж байсан түүхтэй. Солонгос улс Монголд хэрэгжүүлж буй энэхүү загвараа цаашид Танзани, Этиоп зэрэг Африкийн орнууд болон Төв Азийн Узбекистан, Киргиз улсуудад нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
ТАТАР МАЙДАР







Нийгэм




