Dark Light
Нийгэм | 2026-09-25

“ГҮЕМ” МОНГОЛ СУРГУУЛИЙН ШИНЭ САЛБАР УНГАР УЛСЫН ДЬӨР ХОТНОО НЭЭГДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Хилийн чанадад амьдарч буй монгол хүүхэд, багачуудад эх хэл, өв соёл, зан заншлыг нь өвлүүлэн үлдээх, тэднийг үндэс угсаа болон эх оронтойгоо холбоотой байх үнэт боломжийг олгох зорилготой “Гүем” монгол хэл, соёлын сургууль Унгар улсын Дьөр (Győr) хотноо шинэ салбараа нээж, хичээлийн үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болжээ.

“Гүем” хэмээн цоохор ирвэсийн зулзагын монгол нэршилээр нэрлэгдсэн үндсэн сургууль нь Унгар улсад амьдарч буй монгол иргэдийн үр хүүхдүүдэд монгол хэл, соёл, уламжлалыг өвлүүлэн үлдээх зорилгоор 2023 оны аравдугаар сард Будапешт хотноо анх ашгийн бус сургууль хэлбэрээр байгуулагдсан түүхтэй юм. 

Тус сургууль нь үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлсээр ирсэн бөгөөд сурагчид нь Бямба гараг бүр тогтмол хичээллэж, сурсан мэдсэнээ бататган “Үсэглэлийн баяр”-аа албан ёсоор тэмдэглэдэг уламжлал тогтсон байна. Сургалтын хөтөлбөр нь хүүхдүүдэд монгол хэлээр уншиж, бичих чадварыг системтэйгээр хөгжүүлэх, үндэсний тоглоом, үлгэр, дуу, бүжиг, дүрслэх урлаг, ёс заншлаар дамжуулан Монголын өв соёлыг танин мэдүүлэхэд чиглэдэг бөгөөд энэ нь тэднийг “Би Монгол хүн” гэдгээрээ бахархаж өсөхөд чухал ач холбогдолтой хэмээн үүсгэн байгуулагчид үздэг юм.

Унгарын Дьөр хотод монгол хүүхдүүдэд зориулсан энэхүү шинэ сургалтын орон зайг бий болгох ажлыг "Global Talk" компанийн захирал, боловсролын салбарт 25 жил ажилласан туршлагатай Чойжамцын Болормаа санаачлан, салбарын үйл ажиллагааг биечлэн ахлан зохион байгуулж байна. Тэрээр хүүхдүүдийн суралцах орчныг бүрдүүлэх, сургалтын байртай холбоотой зардлуудыг бие даан шийдвэрлэж, Győr хот болон түүний ойролцоох суурин газруудад амьдарч буй монгол гэр бүлүүдийн хүүхдүүдэд эх хэлээ сурах шинэ боломжийг бүрдүүлжээ. Уг салбарын хичээл, сургалтын үйл ажиллагаа нь Будапешт хот дахь “Гүем” үндсэн сургуулийн багш нарын арга зүйн зөвлөгөө, дэмжлэгтэйгээр явагдах юм байна.

Дьөр нь Унгарын баруун хойд хэсэгт, Австрия болон Словакийн хилтэй ойрхон, Будапешт хотоос 120 орчим километр зайтай оршдог томоохон үйлдвэр, аж үйлдвэрийн улсдаа зургаат ордог, Будапешт болон Вена хотуудын яг дунд нь байрладаг томоохон хот юм.

Дьёр хот 1242 онд Монголчуудын довтолгоонд өртөж, 1271 онд Чехийн армийн дайралтад өртөж байв. 16-р зуунд Туркчууд Унгарт довтлох үеэр тус хотыг 1594 онд богино хугацаанд эзэлж байсан ч 1598 он гэхэд Унгар болон Австрийн хяналтад буцаж орсон байна. 1683 онд хот Туркчуудын дахин нэг удаагийн бүслэлтийг тэсвэрлэж үлдсэн бөгөөд Венийн тулалдаанд Туркчууд ялагдсаны дараа бүслэлт цуцлагдаж байсан түүхтэй.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19