Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон Азийн хөгжлийн банк хамтран Сумын төвийн дэд бүтцийг бэхжүүлэх, ногоон хөгжлийг дэмжих” техникийн туслалцааны төслийг Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг дэмжих Японы сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна.
Энэхүү төслийн хэрэгжилтийн явц, эхлэлийн тайлан, хээрийн судалгааны урьдчилсан үр дүнг хэлэлцэх уулзалт өнөөдөр /2026.09.25/ боллоо. Уулзалтад ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, Нийтийн аж ахуйн бодлого, зохицуулалтын газрын дарга М.Ням-Очир, Азийн хөгжлийн банкны төлөөлөгч Раушан Маматкулов, Япон Улсын Элчин сайдын яамны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Цүнакакэ Дабидэ болон төслийн зөвлөх баг, төсөл хэрэгжиж буй аймаг, сумдын удирдлагууд оролцов.
Уулзалтаар төсөлд сонгогдсон таван суманд хийсэн хээрийн судалгааны урьдчилсан үр дүн, инженерийн дэд бүтэц, нийтийн аж ахуйн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, хөгжлийн хэрэгцээг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлээр санал солилцлоо. Цаашид судалгааны үр дүнд тулгуурлан сумдын онцлог, хэрэгцээнд нийцсэн дэд бүтцийн боломжит шийдлүүдийг тодорхойлж, тэдгээрийн техникийн болон санхүүгийн хэрэгжих боломж, ногоон хөгжлийн үр өгөөж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдал, урт хугацааны тогтвортой ашиглалтыг бий болгох нөхцөлийг бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр боллоо.






)
Нийгэм




