Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Чикаго хотод ажиллах үеэрээ Монголын буддын шашин, соёл, боловсролын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, гавж, доктор Дамдинсүрэнгийн Лувсанжамцад Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол хүртээж, цол, тэмдгийг нь гардуулав.
Д.Лувсанжамц нь Монголын буддын шашин, соёл, боловсролын салбарт 30 гаруй жил ажиллахдаа Гандантэгчэнлин хийдийн Удирдах зөвлөлд багтаж, орон нутгийн 190 гаруй сүм хийдэд судалгаа хийн, “Бурханы шашны хийд оронд тавих шаардлага” стандартыг боловсруулсан байна. Тэрээр Дээрхийн Гэгээн IX Богд Жавзандамба хутагтын чанзоваар ажиллаж, Хутагтыг Монголд залах түүхэн үйл хэрэгт оролцсоноос гадна алслагдсан орон нутагт нарны эрчим хүч ашигласан эко загвар хийдийг бий болгох ажлыг санаачлан хэрэгжүүлжээ.

Мөн буддын гүн ухаан, ёс суртахууны уламжлалт мэдлэгийг орчин үеийн хэлбэрээр олон нийтэд хүргэх зорилгоор “Bodicast” подкаст, “Samsara” төслийг үүсгэн байгуулж, 300 гаруй контент бэлтгэсэн байна. Д.Лувсанжамц одоо АНУ-д Монголын Буддын соёлын төвийг байгуулан, хилийн чанад дахь монголчуудын соёлын өвийг хадгалах, Монголын бурханы шашныг олон улсад сурталчлан таниулах чиглэлээр ажиллаж байна.
ТАТАР МАЙДАР







Нийгэм




