Хүрэн баавгайн асуудал үүссэнээс хойш бараг хоёр сарын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд зориулатын буу, унтуулах хэрэгсэл байхгүйгээс үүдэн малчид, байгаль хамгаалагчид бугуйлдах, хүлэх зэрэг арга хэмжээ авч эрсдэл үүрч байгаа. Харин холбогдох албан тушаалтнууд судалсны эцэст нэг тэрбум гаруй төгрөг засгийн газрын нөөц сангаас гаргаж баавгайн асуудалд зарцуулах тухай мэдэгдсэн. Зарцуулах мөнгөн дүн хэт өндөр байгаад бухимдсан олон нийтийн сэтгэгдэл цахим орчинд тасралтгүй хөвөрч байсан. Тэгвэл Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр дээрх асуудалтай холбогдуулан дараах мэдэгдлийг гаргажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар баавгайн эрсдэл бүхий аймгуудад ажиллах байгаль хамгаалагч, мэргэжлийн багуудыг шаардлагатай тусгай зориулалтын тоног төхөөрөмжөөр хангахаар шийдвэрлэсэн. Энд яригдаж буй 32 сая төгрөг нь зөвхөн нэг бууны үнэ биш. Зэрлэг амьтныг гэмтээлгүй унтуулж, аюулгүй барих зориулалтын тусгай хийн бууны өөрийн үнэ 1,700 евро буюу ойролцоогоор 7 сая төгрөг байна. Харин 32 сая төгрөгт уг бууг бүрэн ашиглахад шаардлагатай иж бүрдэл, дагалдах хэрэгсэл болон нийлүүлэлтийн холбогдох зардлууд багтсан. Иж бүрдэлд 11 мм, 13 мм-ийн 2 төрлийн гол төмөр, 3 cc-ийн 100 ширхэг, 5 cc-ийн 100 ширхэг буюу нийт 200 ширхэг тусгай тариур, 2 төрлийн нийт 200 ширхэг зүү, 200 ширхэг тариурын таглаа, 2 ширхэг тариур цэнэглэгч, 50 ширхэг CO₂ баллон, зай хэмжигч, бууны дуран, түргэн хараалагч, мөрлөгч, хийлэгч насос, холбогч зэрэг тоноглол багтаж байна. Мөн гадаад улсаас нийлүүлэхтэй холбоотой баглаа боодол, бичиг баримтын бүрдүүлэлт, олон улсын шуудан, тээврийн зардал уг дүнд багтсан. Эдгээр тоног төхөөрөмжийг зөвхөн хүрэн баавгайтай холбоотой дуудлага, тохиолдолд бус, мазаалай болон бусад зэрлэг амьтны судалгаа, мониторинг, авран хамгаалах, амьдаар барих, зөөвөрлөх ажиллагаанд ашиглана. Тоног төхөөрөмжтэй ажиллах хүмүүсийг Цагдаагийн байгууллагын сургалтын төвд тусгайлан сургаж, мэргэшүүлэн бэлтгэнэ. Худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу нээлттэй, өрсөлдөөнт журмаар зохион байгуулна. Тиймээс 32 сая төгрөгөөр нэг ширхэг буу авч байгаа гэсэн ойлголт ташаа юм. Мөн Засгийн газар байгаль хамгаалагчдын аюулгүй байдлыг хангах баавгай үргээх зориулалтын шүршигч, зэрлэг амьтныг гэмтээлгүй амьдаар баригч тор зэрэг хэрэгслийн зардлыг шийдвэрлэсэн байна.
Г.ГАНЦЭЦЭГ







Нийгэм




