Беркли дэх Калифорнийн их сургуулийн (UC Berkeley) судлаачид орчин үеийн хүний геномын бүтцийг судалж, урьд өмнө шинжлэх ухаанд геномын дараалал нь олдоогүй, мөхөж үгүй болсон эртний хүний хоёр шинэ төрөл зүйлийн ДНХ-ийн хувь нэмрийг илрүүлжээ. Эрдэмтэд эдгээр бүлгийг ДНХ-д ул мөр нь үлдсэн ч яг таг олдсон араг яс, олдвор байхгүй тул "нууцлаг" (ghost) өвөг дээдэс хэмээн тодорхойлсон байна.
Шинжлэх ухааны Science сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгааны гол үр дүнгүүдийг нэгтгэн хүргэж байна:
-
Шинэ TRACE аргачлал: Судлаачид дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй зуу зуун хүний геномын ДНХ-ийн гүн үндэс, түүхийг харьцуулан шинжлэх зорилгоор TRACE нэртэй компьютерын шинэ алгоритм хөгжүүлж ашиглажээ.
-
Эхний нууцлаг бүлэг (800 мянган жилийн өмнөх): Энэхүү нууцлаг бүлэг нь орчин үеийн хүний өвөг дээдсээс 800,000 жилийн өмнө тусгаарлагдсан байна. Тэд дараа нь Африкт эртний хүмүүстэй холилдсон бөгөөд өнөөдөр дэлхийн хүн амын ДНХ-ийн 0.5%-оос 1%-ийг эзэлж байгааг тогтоожээ.
-
Хоёр дахь нууцлаг бүлэг (1.8 сая жилийн өмнөх): Энэхүү шугам нь бүр эрт буюу 1.8 сая жилийн өмнө салсан байна. Тэд эхлээд Денисовын (Denisovans) хүмүүстэй холилдож, улмаар Денисовынхон орчин үеийн хүнтэй холилдох замаар маш өчүүхэн хэмжээний ДНХ нь өнөөгийн хүмүүст уламжлагдан үлджээ.
Өмнө нь хүмүүс зөвхөн Неандерталь болон Денисовын хүмүүстэй цусан төрлийн холбоотой байсан гэж үздэг байсан бол энэхүү нээлт нь хүн төрөлхтний үүсэл, түүхийн мод урьд өмнө төсөөлж байснаас хавьгүй илүү нарийн, олон салаа холбоотой байсныг баталж байна. Уг мэдээллийг олон улсын шинжлэх ухааны шинэ мэдээ мэдээллийн Knowridge Science Report цахим хуудас уламжлав.
ТАТАР МАЙДАР








Нийгэм




