Ухаалаг утасны хэрэглээ дэлхий даяар эрчимжихийн хэрээр нийгэмд нэгэн шинэ тулгамдсан асуудал үүссэн нь ахмад настнуудын цахим донтолт болон худал мэдээлэлд автах хам шинж юм. Өмнөд Солонгосын Ухаалаг мэдээллийн нийгэмлэгийн агентлаг (NIA) болон Сөүлийн үндэсний их сургуулиас хийсэн удаа дараагийн судалгаагаар 60-аас дээш насныхан ухаалаг утсанд донтох тусам худал мэдээлэлд (fake news) автах магадлал нь залуу үеийнхнээс харьцангуй өндөр байгааг тогтоожээ.
Цахим харанхуй ба “Ахмадуудын донтолт”: Тэд яагаад худал мэдээллийн гол бай болж байна вэ?
Ухаалаг утас, сошиал медиа зөвхөн залуучуудын “тоглоом” байхаа болиод удаж байна. Өнөөдөр манай ахмадууд фэйсбүүк, фэйсбүүк-мессенжер, юүтүүбийг өдөр тутмын амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгожээ. Гэвч энэхүү цахим шилжилтийн сүүдэр талд маш аюултай үзэгдэл нуугдаж байгааг судлаачид анхааруулж эхлэв. Олон улсын болон Өмнөд Солонгосын эрдэмтдийн хийсэн судалгаагаар, настай хүмүүс ухаалаг утсанд донтох тусам худал мэдээлэл, суртал ухуулгад автах магадлал нь залуу үеийнхнээс хэд дахин өндөр байгааг тогтоосон байна.
“Цуурайтах өрөө” ба Орос улсыг тахин шүтэх сэтгэл зүй
Монголын нийгэмд, ялангуяа 55 болон 60-аас дээш насныхны дунд цахим орчны худал мэдээлэлд хамгийн хурдан автдаг нэгэн өвөрмөц чиг хандлага ажиглагддаг. Энэ нь “Дэлхий дээр зөвхөн Орос улс л агуу, зөвхөн тэдний л зөв” гэсэн өрөөсгөл, туйлширсан итгэл үнэмшил юм.
Зөвлөлтийн үеийн боловсрол, үзэл суртлын нөлөөнд өссөн манай ахмад үеийнхний сэтгэл зүйн энэхүү эмзэг цэг дээр сошиал медиагийн алгоритм маш чадварлаг ажилладаг. Тэд олон улсын харилцаа, геополитикийн асуудлаар ганц хоёр удаа Оросын талыг барьсан бичлэг эсвэл мэдээллийг сонирхон үзэхэд л ухаалаг утасны алгоритм тэднийг “Цуурайтах өрөө” (Echo Chamber)-нд түгжчихдэг байна. Үүний улмаас тэдний фэйсбүүк, юүтүүб сувгаар зөвхөн Орос улсыг зөвтгөсөн, барууны орнуудыг буруутгасан, баталгаагүй сонирхогчийн орчуулгатай хуурамч бичлэгүүд тасралтгүй хөвөрч эхэлдэг. Ахмадууд цахим орчинд гарч буй мэдээллийг “албан ёсны мэдээ” мэтээр хүлээн авч, “бусад сувгаар үнэнийг нууж байна, зөвхөн сошиалд л үнэнийг хэлж байна” гэх төөрөгдөлд ордог байна.
Тэд яагаад хууртаад байна вэ?
Судлаачид ахмад настнууд худал мэдээллийн гол бай болоод байгааг дараах гурван шалтгаанаар тайлбарлаж байна:
-
Цахим боловсролын дутагдал (Digital Literacy Deficit): Ахмадууд фэйсбүүкт зураг хийх, группт мэдээлэл хуваалцахыг маш сайн сурсан ч мэдээллийн үнэн зөвийг нягтлах (Fact-checking), эх сурвалжийг шалгах соёлд суралцаагүй. Албан ёсны мэт харагдах эвлүүлэг, орчуулгад шууд итгэдэг.
-
Ганцаардал ба Хамаарал: Нийгмийн харилцаанаас бага зэрэг хөндийрсөн, тэтгэвэрт гарсан ахмадууд ганцаардлаа нөхөх гэж утсаа байнга ширтдэг. Утсанд донтох тусам оюун дүгнэлт хийх чадвар суларч, алгоритмын өгсөн мэдээллийг шүүлтүүргүй залгидаг байна.
-
Хуваалцах дуртай зан чанар: Ахмадууд өөрт нь “анхаарууштай” эсвэл “үнэн” санагдсан мэдээллийг үр хүүхэд, найз нөхдөдөө туслах, анхааруулах зорилгоор цахим группүүдээрээ маш идэвхтэй тараадаг. Энэ нь худал мэдээлэл асар хурдтай гинжин хэлхээгээр түгэх хөдөлгүүр болдог.
Үр дагавар ба Гарц
Энэхүү цахим донтолт нь зөвхөн үзэл бодлын туйлшралаар зогсохгүй, ахмадуудыг цахим залилангийн (фишинг, хуурамч сугалаа, баталгаагүй эрүүл мэндийн бүтээгдэхүүний борлуулалт) гол хохирогч болгож байна. Мөн гэр бүлийн хүрээнд залуу үетэйгээ үзэл бодлын зөрчил үүсгэж, нийгмийн талцалд хүргэж байгаа юм.
Солонгос улс энэ асуудлыг “Нийгмийн эрүүл мэндийн хямрал” гэж үзэн, ахмадуудад зориулсан цахим боловсролын тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлжээ. Манай улсад ч мөн адил ахмадуудыг цахим залилан, худал мэдээллээс хамгаалах, мэдээллийг нягтлах соёлыг системтэйгээр зааж сургах шаардлага тулгарч байна. Үр хүүхэд бид ч аав, ээж, эмээ, өвөөгийнхөө сошиал хэрэглээнд анхаарал хандуулж, алгоритмын тэрхүү харанхуй “цуурайтах өрөө”-нөөс гаргахад нь туслах цаг болжээ.
ТАТАР МАЙДАР







Нийгэм



