Түүхч Рүвэн Амитай (Reuven Amitai) Haaretz сонинд бичсэн нийтлэлдээ Израилын удирдагчдыг Чингис хаантай зүйрлэх нь монголчуудын цэргийн стратеги болон түүхэн гавьяаг доромжилсон хэрэг болохыг онцолжээ
Тэрээр монголчууд харгис байсан ч нарийн бодлого, алсын хараатайгаар дайн явуулж, Мамлюкуудтай эвлэрэн энх тай тогтоож байсныг сануулаад, өнөөгийн Израилын удирдагчдын тодорхой төгсгөлийн стратегигүй явуулж буй үйл ажиллагааг шүүмжилжээ
Түүхч Рүвэн Амитай Израилын удирдагчдыг Чингис хаантай зүйрлэсэн явдал нь монголчуудын түүхэн стратеги болон гавьяаг дутуу үнэлсэн хэрэг хэмээв.
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Есүс Христэд Чингис хаанаас илүү давуу тал байхгүй” гэж хэлсэн нь Христийн шашинтнуудыг төдийгүй түүхчдийг ч гайхшруулж, шүүмжлэл дагуулсан байна. Нетаньяхугийн хувьд түүхч Вилл Дюрантын үгийг эш татаж, "Ёс суртахуунт соёл иргэншилд харгис дайснуудын эсрэг амьд үлдэхийн тулд цэргийн түүхий хүч, зэвсэг хэрэгтэй" гэдгийг нотлохыг оролдсон боловч энэ нь түүхчдийн зүгээс хүчтэй няцаалт авчээ.
Түүхч Рүвэн Амитайн бичсэн шүүмжлэлийн гол логик нь:
-
Түүхэн гажуудал: Нетаньяху Чингис хааныг зөвхөн "түүхий цэргийн хүч", "харгислал"-ын бэлгэдэл болгон ашигласан нь буруу.
-
Монголчуудыг доромжилсон хэрэг: Монголын эзэнт гүрэн, Чингис хааны байлдан дагуулал нь зөвхөн сохор харгислал байгаагүй, маш нарийн зохион байгуулалттай стратеги, ухаалаг засаглал, тухайн үеийн соёл иргэншлийг холбосон алсын хараатай байсан.
-
Өнөөгийн Израилын бодлогын шүүмж: Израилын өнөөгийн удирдагчид ямар ч төгсгөлийн стратегигүй (exit strategy), тодорхой алсын хараагүй дайн хийж байгаагаа Чингис хааны "хүчтэй нь ялдаг" тактиктай зүйрлэх нь түүхийг гуйвуулсан, Монголын түүхийг дутуу үнэлж, доромжилсон хэрэг гэж түүхч үзсэн байна.
Товчхондоо, Нетаньяху өөрийн цэргийн ажиллагааг зөвтгөх гэж Чингис хааны нэрийг буруу контекстоор ашигласан нь олон улсын Христийн шашинтнууд болон түүхчдийн дунд ийнхүү том маргаан үүсгэжээ.
Рүвэн Амитай 1955 оны 8-р сарын 23-нд төрсөн, бүтэн нэр нь Рүвэн Амитай-Прейсс гэгддэг тэрээр Израил-Америкийн түүхч, зохиолч бөгөөд орчин үеийн өмнөх үеийн Исламын соёл иргэншил, ялангуяа Мамлюкийн вант улсын үеийн Сири, Палестины түүхийг дагнан судалдаг эрдэмтэн юм. Тэрээр 20 гаруй насандаа Израилд шилжин суурьшиж, Иерусалимын Еврей Их Сургуульд түүхийн ухааны профессор болжээ. 2012 оны байдлаар тэрээр тус их сургуулийн Хүмүүнлэгийн ухааны факультетын деканаар ажиллаж байв.
Рүвэн Амитай өөр нэг түүхч Михал Бирантай хамтран "Монголчууд, Түрэгүүд ба Бусад: Евразийн нүүдэлчид ба суурин иргэншил" (Mongols, Turks, And Others: Eurasian Nomads And The Sedentary World) хэмээх ном бичсэн нь уншигчдын сонирхолыг ихэд татсан юм.

ТАТАР МАЙДАР







Нийгэм


