Dark Light
Нийгэм | 2026-10-10

ТАРИАЛАНЧИД ЦЭРГҮҮДИЙН АЧААР УРГАЦАА БҮРЭН ХУРААЖ АВЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар намрын ургац хураалтад ажиллахаар томилогдсон Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн бүлгүүд үүргээ нэр төртэй гүйцэтгэж дуусаад, ангийн байрлалдаа шилжсээр байна. ЗХЖШ-ын даргын тушаалын дагуу 10 дугаар сарын 10-ны өдөр гэхэд дайчид ургацын талбайгаас бууж, ангийн байрлалд бүрэн шилжсэн байх ёстой юм. 
         Жил жилийн намраар тариалангийн бүс нутагт ажиллаж, тариаланчдын эх орныхоо хөрсөнд тарьж ургуулсан экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хурааж авах хүч шаардсан ажлыг гүйцэтгэж ирсэн Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас онцгойлон талархал илэрхийлэв. 
         Тус яамны мэдээллээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төмсний 90 орчим, хүнсний ногооны 70 гаруй хувийг алдагдалгүй хураан аваад байгаа бөгөөд энэхүү бодит үр дүн, амжилт нь Зэвсэгт хүчний дайчдын нөр их хөдөлмөр, зүтгэлтэй шууд холбоотойг ч онцолсон байна. Намрын ургац хураалтыг нуруун дээрээ үүрсэн дайчдынхаа талаар тариалан эрхлэгчдийн сэтгэгдлийг сонслоо.
 
     “Их өнгөт трейд” ХХК-ийн захирал, Монгол Улсын гавьяат тариаланч С.Сүхбаатар:
          -Манайх Сэлэнгэ аймгийн Орхон суманд газар тариалан эрхэлдэг аж ахуй нэгж л дээ. Тариаланч бидний ажил нар, хур, шороо гуравтай салшгүй холбоотой. Жилийн турш зүтгэсэн хөдөлмөрийг минь хурааж, магнайг минь тэнийлгэсэн Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн цэргийн хүүхдүүддээ үнэхээр их баярлаж байна. Хэдий ажил хийхээр ирсэн ч заримдаа тэднийхээ сэтгэл санааг өргөх хүрээнд Хөтөлийн Соёлын ордны уран бүтээлчдийг урьж тоглолт хийлгэж, зарим амралтын өдрүүдэд бүжиг зохиож, төрсөн өдөр нь тохиосон хүүхдүүддээ амтат бялуу захиалгаар хийлгэж өглөө. Хүнийг хайрлаж байж л өөрөө хайрлагддаг гэдэг дээ. Тэрэн шиг хүүхдүүдээ дэмжиж байж, энэ нүсэр ажлаа хийлгэж авах ёстой гэж миний бие боддог юм. Цэргийн хүүхдүүддээ баярлалаа гэж дахин хэлье.
 
“Цагаан шаргал” ХХК-ийн захирал У.Батнасан:
          -Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдынхаа хүчээр ургац хураалтаа бүрэн дуусгалаа. Хэрэв цэргүүд ирээгүй бол энэ нөр их ажлын ард яаж гарах байсан юм бол бүү мэд. Манайх хугацаат цэргийн алба хаагчдынхаа ая тухад их анхаардаг байгууллага. Тохитой дулаахан байшинд байрлуулж, мэргэжлийн тогооч ажиллууллаа. Суурин газартай ойрхон болохоор дэлгүүр хоршоо гүйгээд дуртай амттанаа авчихна. Тариаланч бидэнд тусалсан цэргийн дүү нартаа үнэхээр талархаж байна. Хүний гар, газрын шим хоёр нэгдэж, эх орныхоо хүнсийг бэлдэнэ гэдэг энэ хорвоогийн хамгийн цагаан, хамгийн буянтай ажил шүү дээ.
 
“Гэгээнтний хавцал” ХХК-ийн захирал Н.Энхбаяр:
          -Газар тариалан эрхлээд 20 гаруй жил болж байна. Намар болохоор хүч хөдөлмөр, хөрөнгө санхүүгээ зориулсан ургацаа алдагдалгүй хурааж авах нь тариаланч бидний туйлын хүсэл. Энэ хүслийг маань Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчид гүйцэтгэж өглөө. Намрын ургац хураалтын ажлыг богино хугацаанд, амжилттай зохион байгуулахад цаг үеэ олсон бодит дэмжлэг үзүүлсэн Зэвсэгт хүчний Жанжин штаб болон химичин дайчдад талархал дэвшүүлье. Та бүхний нөр их хөдөлмөр, сахилга бат, зүтгэлийн хүчээр улсын хэмжээнд төмс, хүнсний ногооны ургацыг цаг агаарын хүндрэлийг ажралгүй алдагдалгүй хураан авч чадсан шүү. 
 
“Агро альфа” ХХК-ийн менежер Ч.Энхбаяр:
         -Манайх Төв аймгийн Батсүмбэр суманд газар тариалан эрхэлдэг. Эргэлтийн 120 гаруй га талбайтай. Энэ жил 35 га-д төмс, 10 гаруй га-д нарийн ногоо тарьж, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн түрүүч, байлдагч нарынхаа хүчээр ургацаа 100 хувь хурааж авч чадлаа. Үнэхээр талархаад баршгүй. Цаг агаар нь ч сайхан таарлаа. Цэргүүдийг ахалж ирсэн офицер нь ч өөрөө зохион байгуулалт сайтай чадвартай залуу байна лээ. Ингэж сайхан тусалсан Зэвсэгт хүчнийхэндээ баярлалаа гэхээс өөр юу хэлэх билээ. Ийм сайхан төлөвшсөн залуус нийслэл, аймагтаа халагдаж очихоор улс орон маань илүү сайхан хөгжинө гэдэгт итгэж байна. Тэд бол үнэхээр эх орныхоо жинхэнэ бүтээн байгуулагчид, хөдөлмөрч залуус юм билээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10