Dark Light
Нийгэм | 2026-10-19

ХЯТАДЫН ХЭВЛЭЛД НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ ГАРСАН ТҮЙМРИЙН ТУХАЙ …

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Мобикомын удирдлагуудын Нөмрөгийн дархан цаазат газарт тарьсан цасны түймэр ба хууль бус ангийн хэрэг Синьхуа агентлагийн анхааралд өртжээ. Тус агентлаг Монголын Eguur News сайтад гарсан хулгайн ан хийхээр явж байсан гэсэн мэдээлэлд гол анхаарлаа хандуулсан байна.

Монгол Улсын зүүн хязгаар, Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан томоохон хэмжээний хээрийн түймрийн ил галыг унтраасан ч уг үйл явдлыг тойрсон олон нийтийн шүүмжлэл, уур бухимдал манай улсад төдийгүй олон улсын тавцанд хүчтэй өрнөж байна. БНХАУ-ын төрийн өмчит Синьхуа агентлаг энэхүү үйл явдлыг онцлон тоймлож, Монголын хууль хяналтынхан буруутнуудад хариуцлага тооцож, улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлөхөөр ажиллаж байгааг дэлхий дахинд мэдээллээ.

Уг мэдээллийг Zogii.mn орчуулан хүргэе.

Гал түймэр ба хууль бус ангийн сэдэл

Энэ сарын эхээр Японы хөрөнгө оруулалттай, Монголын үүрэн холбооны "Мобиком" компанийн хэсэг удирдлагууд Дорнод аймаг дахь Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын гол бүсэд нэвтэрсэн байна. Тэдний явж байсан цувааны нэг автомашинд гал гарч, улмаар хээрийн түймэр дэгдээсэн бөгөөд гал алдсан машины жолооч нь Япон улсын иргэн байсныг дотоодын хэвлэлүүд мэдээлсэн юм.

Монголын Eguur News цахим хэвлэлийн мэдээлснээр, тус багийнхан Монголын улаан номд орсон, нэн ховордсон тул загас (Hucho taimen) барихаар (хууль бусаар ан хийхээр) тус дархан цаазат бүс рүү нэвтэрсэн гэх мэдээлэл байна.

Түймрийн анхны түгшүүрийн дохио 10 дугаар сарын 8-ны өдрийн орон нутгийн цагаар 11:55 цагт гарсан бөгөөд хуурай цаг агаар, хүчтэй салхины улмаас гал маш хурдан тархжээ. Түймрийн ил галыг өнгөрсөн баасан гарагт бүрэн унтраасан ч цаг агаар хуурай, салхитай хэвээр байгаа тул дахин асах эрсдэл өндөр байна.

Компанийн тайлбар ба иргэдийн уур бухимдал

"Мобиком" компанийн зүгээс гаргасан тайлбартаа, тэдний баг тухайн бүс нутагт холбооны шугам сүлжээний ажил үүрэг гүйцэтгэж байх явцад автомашинуудын нэг нь шатаж, гал алдсан гэж мэдэгджээ.

Гэвч энэхүү үйл явдал нь Монголын олон нийтийн дунд асар их уур бухимдлыг төрүүлээд байна. Учир нь хуурайшилт ихтэй, гал түймрийн эрсдэл өндөр байсан тухайн үед тус цуваа экологийн маш эмзэг, онцгой хамгаалалттай бүс рүү нэвтрэх албан ёсны зөвшөөрлийг хууль ёсоор авсан эсэх дээр иргэд маш ихээр эргэлзэж, асуулт тавьж байгаа юм.

Хуулийн хариуцлага ба улсыг хохиролгүй болгох шийдвэр

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Ганзоригийн Тэмүүлэн мэдэгдэхдээ, холбогдох ажилтнууд болон тэднийг тус бүс рүү нэвтрүүлсэн хилийн боомтын захиргааны албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцож, улсад учруулсан хохирлыг бүрэн төлүүлэх болно гэдгийг хатуу мэдэгджээ.

Одоогийн байдлаар уг хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна. Монгол Улсын Эрүүгийн хуулиар тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр ан хийх, амьтан барихыг хатуу хориглодог. Мөн ой, хээрийн түймэр дэгдээсэн үйлдэл нь санаатай болон болгоомжгүй үйлдэгдсэн эсэх, учирсан хохирлын хэмжээнээс хамаарч эрүүгийн хүнд ял шийтгэл хүлээлгэх үндэслэл болдог байна.

Хил дамнасан аюул ба түймрийн цар хүрээ

Нөмрөгийн дархан цаазат газар нь баавгай, зэрлэг гахай, хандгай зэрэг ховор зэрлэг амьтдын өлгий нутаг бөгөөд түймрийн улмаас зэрлэг амьтдад хэр хэмжээний хохирол учирсныг тогтоох экологийн үнэлгээ хараахан гараагүй хүлээгдэж байна.

Гал түймрийг унтраахаар 10 дугаар сарын 8-наас хойш Монголын зүүн бүсийн гурван аймгаас (Дорнод, Сүхбаатар, Хэнтий) хүч нэмэгдүүлэн дайчилжээ. Түймрийн голомтод нийт 606 алба хаагч, 100 гаруй техник хэрэгсэлтэйгээр 60 гал унтраах бүлэг болон хуваагдаж, галын тархалтыг зогсоохоор ажилласан байна.

Уг гал түймэр Хятад-Монголын хилийн зүг чиглэн тархсан тул БНХАУ-ын эрх баригчид өөрийн хилийн зурвасын дагуу 3,400 гаруй гал сөнөөгч болон онцгой байдлын алба хаагчдыг яаралтай дайчлан байршуулж, хил дамнан орж ирэхээс сэргийлж хамгаалалт хийжээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10