Dark Light
Нийгэм | 2026-11-04

БАНК ЗЭЭЛИЙН ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭГ ҮНДЭСЛЭЛТЭЙ ТОГТООСНОО НОТЛОХ ҮҮРЭГТЭЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Аригбанк” ХХК нь иргэн Т.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 108,336,674.58 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндсэн нэхэмжлэл гаргасан бол хариуцагч Т.С нь зээлийн гэрээний шимтгэлд суутгуулсан 900,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч “Аригбанк” ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч Т.С-тэй 90,000,000 төгрөгийн зээлийг жилийн 30 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгохоор зээлийн гэрээ байгуулсан байна. Гэвч хариуцагч 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг хугацаа хэтрүүлж, гэрээний үүргийн зөрчил гаргажээ.
Иймд банк 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 76,991,822.58 төгрөг, зээлийн үндсэн хүү 29,669,822.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,675,029.32 төгрөг, нийт 108,336,674.58 төгрөг гаргуулах, мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчийн өмчлөлийн гурван өрөө орон сууцаар хангуулахаар шаардсан байна.
Хариуцагч анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 103,429,085.79 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн боловч нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох 4,907,588.79 төгрөгийг зөвшөөрөхгүй, мэдэгдэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн гэж маргажээ.
Мөн зээлийн гэрээний ерөнхий нөхцөлийн дагуу зээл олгосны шимтгэлд 900,000 төгрөг суутган авсан нь хууль зүйн үндэслэлгүй, зээлдэгчид илт хохиролтой, шударга ёсны зарчимд харш гэж үзэн уг мөнгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагчийн зүгээс Банкны тухай хуульд банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулахаар заасан байхад зээлийн шимтгэлийг гэрээний стандарт нөхцөлөөр тогтоож авсан нь үндэслэлгүй гэж тайлбарласан. Харин нэхэмжлэгч банкнаас Монголбанкны холбогдох журмаар зээлийн шимтгэлийн харилцааг зохицуулсан, талууд гэрээний 1.5-д зээлийн дүнгийн 1 хувьтай тэнцэх шимтгэлийг төлөхөөр харилцан тохиролцсон тул хууль зөрчөөгүй гэж маргажээ.
Анхан шатны шүүх 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэв.
Улмаар 108,336,674.58 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэжээ.
Харин зээлийн шимтгэлийн тухайд талууд гэрээний 1.5-д шимтгэлийг зээлийн дүнгийн 1 хувиар тооцож төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 189.1-д заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцсэн бөгөөд хариуцагчид илт хохиролтой, хууль бус гэж үзэх үндэслэлгүй хэмээн дүгнэж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхээс зээлийн шимтгэл нь зээлийн бодит өртгийн нэг бүрэлдэхүүн болох бөгөөд талууд гэрээгээр харилцан тохиролцсон шимтгэлийн нөхцөл нь Иргэний хуулийн 13.2, 189.1-д заасныг зөрчөөгүй гэж дүгнэсэн байна.
Харин хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо зээлийн шимтгэл авахыг үгүйсгээгүй боловч 1 хувийн шимтгэлийг ямар үндэслэл, тооцооллоор тогтоосон нь тодорхойгүй, банк бодит зардлаа баримтаар нотлох үүрэгтэй гэж маргажээ.
Тодруулбал, Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 4.1-д харилцагчаас авах шимтгэл, хураамжийн төрөл, хэмжээг банк тогтоохоор, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6.6-д банк шимтгэл, хураамжийн хувь хэмжээг үндэслэлтэй тогтоохоор тус тус заасан. Гэвч эдгээр зохицуулалтад зээлийн шимтгэлийг заавал 1 хувиар тогтоох хатуу хэмжээ байхгүй бөгөөд банк өөрийн тогтоосон шимтгэлийн үндэслэл, тооцооллыг тайлбарлаж, нотлох үүрэгтэй гэж хариуцагч үзсэн байна.
Хяналтын шатны шүүх хэргийг хэлэлцээд хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүх бүрэлдэхүүнээс зээл олгох үйл ажиллагаанд шимтгэл авахыг хууль тогтоомжоор зөвшөөрсөн бөгөөд талууд зээлийн гэрээнд шимтгэлийг 1 хувиар тооцохоор тохиролцсон нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл биш гэж үзэв.
Гэвч нэхэмжлэгч банк 900,000 төгрөгийн шимтгэлийг ямар үндэслэлээр, ямар зардал, тооцооллын дагуу тогтоосноо хэрэгт авагдсан баримтаар нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл, банк шимтгэл авах эрхтэй хэдий ч тухайн шимтгэлийн хэмжээг үндэслэлтэй тогтоосон байх, шаардлагатай тохиолдолд түүнийгээ баримтаар нотлох үүрэгтэй.
Иймд хяналтын шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ 2026 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 3-НЫ ӨДРИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААН

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08