Dark Light
Нийгэм | 2026-11-04

БУРИАД БӨӨ ОРОСЫГ ДАЙНД ЯЛУУЛАХЫН ТУЛД 60 ТЭМЭЭГЭЭР ТАХИЛ ӨРГӨХ ГЭНЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | zogii.mn collage

Сүүлийн өдрүүдэд Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон сошиал орчинд нэгэн хачирхалтай бөгөөд зэрлэг үйл явдал олны анхаарлыг татаж, ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. 

Оросын Бөө нарын холбооны дэд тэргүүн, Буриадын бөө Артур Цыбиков Орос улсыг дайнд ялуулах, төрийн хүчийг зузаатгах болон барууны хориг арга хэмжээг даван туулахад нь "сүнсэн ертөнцөөс" тусламж гуйх зорилгоор нийт 60 тэмээгээр цуврал тахил өргөх марафон эхлүүлж байгаагаа албан ёсоор зарлажээ. Тэрээр энэхүү зан үйлийг "славян тэнгэрүүдийг баясгах" зорилготой гэж тайлбарлаж байгаа бөгөөд 60 тэмээг нэг дор биш, цуврал зан үйлүүдээр хувааж тахихаар төлөвлөсөн байна.

Тэрээр ВКонтакте сүлжээн дэх "Оросын Дээд бөөгийн өргөө" бүлэгтээ байршуулсан бичлэгтээ, зарим хүмүүс үүнийг буруутгаж, заримынх нь дургүйцэл зэвүүцэл хөдөлж, заримд нь муухай санагдах бол зарим нэгэнд нь маш сайхан, баяртай байж болох ч ямартай ч манай байгууллага жилийн хугацаанд тэмээгээр тахил өргөж, залбирал үйлдэх шийдвэр гаргасан хэмээн ярьжээ. Түүнчлэн тэрээр 60 тэмээг славян тэнгэрүүд рүү илгээн тэднээс өршөөл, тусламж, дэмжлэг гуйж, баяр баясгалангаасаа хуваалцан хэрхэн амьдарч байгаагаа дуулгах зорилготой хэмээн тайлбарлаж, эдгээр тэмээг нэг дор биш, цуврал зан үйлүүдээр хувааж тахихаар төлөвлөсөн байна.

Гэвч энэхүү үйлдэл нь бөөгийн шашны хүрээнийхэн болон олон нийтийн зүгээс маш том эсэргүүцэлтэй тулгарлаа. Буриадын бөөгийн төв байгууллага болох "Тэнгэри" нийгэмлэг болон бусад тэргүүлэх хариуцлагатай бөө нар энэ үйлдлийг бөөгийн ёс заншилд байхгүй, шашинтай ямар ч холбоогүй зэрлэг бүдүүлэг үзэгдэл хэмээн хатуу зэмлэн буруушаасан байна. 

Бөөгийн уламжлалд тэмээг ийм байдлаар олноор нь устгаж тахил өргөхийг хатуу хориглодог бөгөөд зөвхөн хонь, маш ховор тохиолдолд мориор л зан үйл үйлддэг байна. Олон нийтийн сүлжээнд иргэд дайныг дэмжихийн тулд гэмгүй амьтдыг олноор нь нядлахыг шашны зан үйл биш, харин зэрлэг садизм хэмээн дургүйцэж байгаа юм.

Артур Цыбиков гэгч нь өмнө нь 2019 онд мөн л Орос улсыг хүчирхэгжүүлэх нэрээр Эрхүү мужид 5 тэмээг амьдаар нь шатааж тахил өргөсөн аймшигт дуулиан дэгдээж байсан түүхтэй. Тухайн үед Оросын прокурорын байгууллага шалгалт оруулж, амьтантай зэрлэг харьцсан болон мал эмнэлгийн журам зөрчсөн гэх үндэслэлээр түүнийг торгож байжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08