Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, хамба номун хан, лхаарамба Дуламрагчаагийн Жавзандорж Польш улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд тус улсын Малопольска (Małopolska) мужийн Дэд маршал Ришард Пагач (Ryszard Pagacz)-тай албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтаар талууд хоёр орны уламжлалт харилцаа, бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй санал солилцсон байна.
Дэд маршал Ришард Пагач хүндэт зочдыг мужийн захиргааны байрандаа хүлээн авч уулзах үеэрээ: "Өнөөдрийн уулзалт нь манай хоёр орны тогтвортой харилцааг бэхжүүлэхэд чухал алхам болж байна. Манай Малопольска муж болон Монгол Улсын Архангай аймаг хооронд хамтарсан үйл ажиллагаа явуулж байсан арвин туршлага бий. Та бүхнийг манай зочломтгой бүс нутагт тавтай морилохыг урья" хэмээн тэмдэглэв.
Уулзалтад Гандантэгчэнлин хийдийн Ловон лам Энхболдын Баяр, Их хамба ламын зөвлөх Мишиг-Ишийн Бат-Аа, олон нийтийн харилцааны менежер Амаржаргалын Үржинчимэг, туслах Одонтуяагийн Хатанбаатар, Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Наваан-Юндэнгийн Оюундарь болон Краков хот дахь Монгол Улсын Өргөмжит Ерөнхий консул Цахиурын Уртнасан нар байлцлаа. Уулзалтын үеэр Тэргүүн их хамба лам Монголын уламжлал ёсоор Дэд маршал Ришард Пагачид хүндэтгэлийн хадгийг өргөн барьж, талууд бие биедээ дурсгалын бэлэг болон ном солилцсон байна.
Малопольска муж болон Архангай аймгийн түншлэл
Уулзалтын үеэр Дэд маршал Ришард Пагач хүндэт зочдыг өөрийн мужид тавтай морилохыг уриад, энэхүү уулзалт нь хоёр орны тогтвортой харилцааг бэхжүүлэхэд чухал алхам болж байгааг тэмдэглэв. Тэрээр Малопольска муж нь Монгол Улсын Архангай аймагтай хамтын ажиллагаа тогтоож, баялаг туршлага хуримтлуулаад байгааг онцолсон юм.
Уг түншлэлийн хүрээнд 2025 оноос эхлэн Малопольска муж болон Архангай аймаг дараах гурван гол салбарт хамтарсан төслүүдийг бодитоор хэрэгжүүлж эхлээд байна:
-
Эрүүл мэндийн салбар: Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах төслүүд.
-
Төрийн удирдлага, менежмент:
Нийтийн захиргааны удирдлагын арга барилыг сайжруулах, туршлага солилцох. -
Соёл, урлагийн салбар: Хоёр бүс нутгийн түүх, өв соёлыг сурталчлах, соёлын солилцоог өргөжүүлэх.
Wicemarszałek (Дэд маршал): Польшийн орон нутгийн (мужийн) өөрөө удирдах ёсны гүйцэтгэх засаглалын удирдах албан тушаалтан (Мужийн Засаг даргын орлогчтой дүйцнэ). Мөн Województwo Małopolskie (Малопольска муж): Польш улсын өмнөд хэсэгт орших, төв нь түүхэн Краков хот байдаг томоохон муж бүс нутаг юм.
ТАТАР МАЙДАР







Нийгэм




