Д.Трампын эсрэг мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлж болзошгүй тул АНУ-ын Хууль зүйн яамнаас сенатор Элизабет Уорренд албан ёсны анхааруулга хүргүүллээ
АНУ-ын Хууль зүйн яамнаас ирэх оны нэгдүгээр сард Сенатын Банкны хороог тэргүүлэх төлөвтэй байгаа Ардчилсан намын сенатор Элизабет Уоррены ажлын албанд Ням гарагт албан бичиг хүргүүлжээ. Тус бичигт Ерөнхийлөгч Дональд Трампын эсрэг эхлүүлэхээр төлөвлөж буй мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой аливаа баримт бичгийг устгалгүй хадгалж үлдэхийг сануулаад, хэрэв үүнийг зөрчвөл "хуулийн ноцтой үр дагаварт" хүрч болзошгүйг анхааруулсан байна.
Энэхүү мэдэгдэл нь засаг захиргаа болон Трампын ойрын хүрээллийнхнийг мөрдөн шалгахаар төлөвлөж буй Конгрессын Ардчилсан намын гишүүдэд Хууль зүйн яамнаас илгээж буй ээлжит анхааруулга болж байна. Өнгөрсөн долоо хоногт Д.Трамп хүмүүсийг "сүрдүүлсэн" гэх үндэслэлээр Ардчилсан намын хууль тогтоогчдыг шалгахыг яамандаа үүрэг болгосон бөгөөд Ерөнхий прокурор Тодд Бланш ч мөн Конгрессын Ардчилсан намынхантай сөргөлдөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
ПРОКУРОРЫН ХАТУУ АНХААРУУЛГА БА МӨРДӨН ШАЛГАХ ТӨЛӨВЛӨГӨӨ
Хьюстон хотын Холбооны прокурор Аарон Рейтц Массачусетс мужаас сонгогдсон сенатор Уорренд илгээсэн албан бичигтээ, түүнийг "ирээдүйд барих алхаа сүх мэт далайж, Ерөнхийлөгч Трампын хувийн хүрээллийнхнийг ангуучлахаар яарч байгаа мэт харагдаж байна" хэмээн шүүмжилжээ. Мөн тэрээр "Конгрессын мөрдөн шалгах эрх мэдлийг улс төрийн зэвсэг болгон ашиглаж, иргэдийн үндсэн хуулиар олгогдсон суурь эрхийг зөрчих гэсэн санаархалтай холбоотой" бүх баримт материалыг устгалгүй хадгалахыг шаардсан байна.
Баримт бичиг хадгалах тухай ийм мэдэгдэл нь ихэвчлэн албан ёсны мөрдөн шалгах ажиллагаа эхлэхийн дохио болдог. Прокурор А.Рейтц уг захидлаа олон нийтийн сүлжээнд нийтэлсний дараахан Д.Трамп өөрийн Truth Social хуудсандаа хуваалцсан бол сенатор Уоррены ажлын алба одоогоор ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.
Ардчилсан намынхан ирэх нэгдүгээр сард Конгрессын олонхын хяналтыг гартаа авмагцаа томоохон корпорацууд, Цагаан ордны Тамгын газрын дарга Стивен Миллер болон дэлхийн хамгийн баян хүн Илон Маск нарын үйл ажиллагааг мөрдөн шалгахаар төлөвлөж байгаагаа илэрхийлээд байгаа юм.
АНХААРУУЛГА АВСАН БУСАД ХУУЛЬ ТОГТООГЧИД
Уолл Стрийтийн хатуу шүүмжлэгч, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан Элизабет Уоррен нь Трампын засаг захиргааны бодлогыг байнга буруушааж ирсэн нэгэн билээ. Прокурор Рейтц захидалдаа түүний томоохон компаниудын удирдлагуудыг шалгах тухай мэдэгдлүүдийг эш татаад, энэ нь Трамптай ойр хүмүүсийг онилж буйн тод илрэл хэмээн бичжээ.
Хатагтай Уорреноос гадна Сенатын гишүүн Ричард Блументал, Элисса Слоткин болон Төлөөлөгчдийн танхимын Хяналтын хороог тэргүүлэхээр яригдаж буй Роберт Гарсиа нарт мөн ижил төрлийн анхааруулах бичиг очсон байна. Улс төр судлаачид болон сөрөг хүчнийхэн Д.Трампын засаг захиргааг өөрсдийн шүүмжлэгчид болон улс төрийн өрсөлдөгчдөө ийнхүү хуулийн байгууллагаар дарамталж байна хэмээн болгоомжилж байгаагаа илэрхийллээ.
ТАТАР МАЙДАР







Нийгэм

