Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Баттөмөрийн Энхбаяр үүрэгт ажлаасаа огцрох бодолтой байгаагаа Мягмар гарагт мэдэгдсэн талаар БНХАУ-ын төрийн мэдлийн Синьхуа агентлаг мэдээллээ.
Б.Энхбаяр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа, өөрийн нэр төрийг цэвэрлэх үүднээс ийм шийдвэр гаргаснаа Ерөнхий сайд Ням-Осорын Учралд уламжилсан гэдгээ хэлсэн байна. Мөн тус өдөр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ огцрох өргөдлөө Ерөнхий сайдад албан ёсоор өргөн барьжээ. Тэрээр өргөдөлдөө Монголын ард түмний баялгийг хулгайлсан гэмт бүлэглэлүүдийн эсрэг тэмцэж, Монгол төрийг авлигач албан тушаалтнуудаас цэвэрлэх үйлсэд тууштай зүтгэхээ илэрхийлсэн байна.
Энэхүү мэдэгдлүүд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эрх мэдлээ урвуулан ашигласан болон авлига авсан гэх буруутгалын дараа нэр төрөө сэргээх зорилгоор албан тушаалаасаа огцрох бодолтой байгаагаа зарласан өдөртэй давхцаж байгааг Синьхуа онцолжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгчийн огцрох хүсэлтийг хүлээн авах эсэх эцсийн шийдвэрийг 126 гишүүнтэй нэг танхимтай парламент болох Улсын Их Хурал гаргана.
У.Хүрэлсүх, Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарын зэрэг хэд хэдэн улстөрчийг Монголын хамгийн том хувийн хэвшлийн нэг болох “Бодь” группт төмөр замын төслийн гэрээг олгохтой холбогдуулан авлига авсан хэмээн буруутгасны дараа ийнхүү огцрох мэдэгдлүүд ар араасаа гарсан байна.
ТАТАР МАЙДАР







Улс төр




