Dark Light
Нийгэм | 2026-11-22

«FREEDOM 250: AI FACULTY FELLOWS — АНУ–МОНГОЛЫН ИННОВАЦИЙН ТҮНШЛЭЛ» ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Монголын их, дээд сургуулийн багш нарыг хиймэл оюун ухааныг сургалтад хариуцлагатай ашиглахад бэлтгэх “AI Faculty Fellows” хөтөлбөр эхэллээ

АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаглалын 250 жилийн ойд зориулсан “Freedom 250” аяны хүрээнд “AI Faculty Fellows: АНУ–Монголын инновацын түншлэл” төслийн нээлт арваннэгдүгээр сарын 20-нд Америкийн соёл мэдээллийн төвд (American Corner) боллоо. Энэхүү төсөлд Монголын 18 их, дээд сургуулийн 24 багш хамрагдаж, хиймэл оюун ухааныг (AI) сургалт, судалгааны ажилдаа үр дүнтэй, хариуцлагатай ашиглах чадвараа бэхжүүлэх юм.

Төслийн багийн нэрийн өмнөөс төслийн удирдагч, Хьюберт Хамфригийн тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч, Отгонтэнгэр их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, доктор Батсайханы Одгэрэл үг хэлэхдээ, энэхүү төсөл нь АНУ-ын Засгийн газрын солилцооны хөтөлбөр төгсөгчдийн хамтын ажиллагааны бодит үр дүн гэдгийг онцлов. Тэрбээр төгсөгчид өөрсдийн мэдлэг, мэргэжлийн туршлагаа нэгтгэн багш нарт хиймэл оюун ухааныг сургалт, үнэлгээнд зөв зохистой ашиглах, сурсан зүйлээ хичээлдээ бодитоор нэвтрүүлэхэд нь туслах замаар Монголын дээд боловсролын салбарт хувь нэмэр оруулж буйг тэмдэглэжээ.

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дэд дарга Маяа Мүүр доктор Б.Одгэрэл болон солилцооны хөтөлбөрийн төгсөгчдөд манлайлал үзүүлсэнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ төслийг хамтран хэрэгжүүлж буй Отгонтэнгэр их сургууль болон Багшийн хөгжил, манлайллын холбоонд (TDLA) талархал дэвшүүлэв. Мөн нээлтийн үеэр Отгонтэнгэр их сургуулийн ректор Намсрайжавын Энхзаяа, Багшийн хөгжил, манлайллын холбооны Удирдах зөвлөлийн дарга Сүхбаатарын Хандмаа нар үг хэллээ. Оролцогч зочид оюутнууд хиймэл оюун ухааны хэрэгслүүдийг өргөнөөр ашиглах болсон энэ үед багш нар заах арга зүй, бие даалт боловсруулах, оюутны мэдлэгийг үнэлэх хэлбэрээ өөрчлөн дасан зохицох шаардлагатай байгааг дурдаад, энэхүү практик сургалт нь цаг үеэ олсон чухал ажил болж буйг сайшаасан байна.

Нээлтийн арга хэмжээний үеэр төслийн ахлах сургагч багш нар болох Фулбрайтын хөтөлбөрийн төгсөгч Амаржаргалын Мэндсайхан, Олон улсын зочин манлайлагч хөтөлбөрийн (IVLP) төгсөгч Мөнхбатын Гомбодорж нар “Хиймэл оюун ухаан ба ирээдүй” сэдвээр илтгэл тавьж, оролцогч багш нар хоорондоо танилцан багийн үйл ажиллагаанд оролцов.

Нээлттэй сонгон шалгаруулалтаар тэнцсэн багш нар гурван үе шат бүхий нийт 15 өдрийн сургалтад хамрагдах бөгөөд хиймэл оюун ухааны суурь мэдлэг эзэмших, дижитал итгэлцэл, кибер аюулгүй байдал, ёс зүйтэй хэрэглээг судлахын зэрэгцээ хичээл, даалгавар, үнэлгээнд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх дадлага хийнэ. Төгсгөлийн шатанд багш нар богино хэмжээний сургалтын модулиуд боловсруулж, өөрсдийн заадаг хичээлд туршин нэвтрүүлэхээр бэлтгэх юм. Энэхүү төслийг АНУ-ын Элчин сайдын яамны 2026 оны Төгсөгчдийн оролцооны инновацын сангийн (AEIF) дэмжлэгтэйгээр Багшийн хөгжил, манлайллын холбоо болон Отгонтэнгэр их сургууль хамтран хэрэгжүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08